Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-ийн нээлтийн арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хийж, Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчин бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
Тус төв нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, санал, гомдлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын арга хэмжээ, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж буй шинэчлэл, зөвшөөрлийн реформ, гааль болон худалдааг хөнгөвчлөх бодлогын бодит үр дүн, мөн хөрөнгө оруулагчдад чиглэсэн авах арга хэмжээний тухай дэлгэрэнгүй танилцуулга хийгдэж, оролцогчид эдгээр асуудлын хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, бизнесийн холбоод болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож, тус төвийн үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.
Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын тогтвортой, ил тод, таатай орчныг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарах ач холбогдолтой юм.