Д.Үүрийнтуяа: Зэс хайлуулах үйлдвэрт хэтэрхий олон эзэн гарч ирсэн учраас удааширч, гацаж байна
10 Цагийн өмнө
193
Д.Үүрийнтуяа: Зэс хайлуулах үйлдвэрт хэтэрхий олон эзэн гарч ирсэн учраас удааширч, гацаж байна

Монголын Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын Өглөөний уулзалтын зочноор УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа уригдан оролцлоо. Уулзалт "Мега төслүүд: Зэс хайлуулах үйлдвэр" сэдвээр өрнөж, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб нь 16 жилийн түүхтэй бөгөөд нийт 60 гаруй мэргэшсэн сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. Тус клуб Өглөөний уулзалт, Зочин сэтгүүлч, Хөгжлийн яриа, Хэлэлцүүлэг, Алсын томилолт зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. 

Үе үеийн Засгийн газар зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулах, хайлуулах, нэмүү өртөг шингээх талаар ярьж, төлөвлөж ирсэн. Өнөөдрийн Засгийн газар ч мөн адил үүнийг үргэлжлүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийг даруй эхлүүлэх, олон улсад нээлттэй тендер зарлах, хөрөнгө оруулагчдыг урих, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар хэлэлцэж байна. 

14 мега төслийн нэг нь зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд барьж байгуулах бөгөөд парк төвлөрөх 1200 га-д дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн. Ус хангаж, төмөр зам, ариутгах татуургын сүлжээ, усан сан, насос станц гээд суурь дэд бүтцийн гүйцэтгэл тус үйлдвэрийн санхүүжилтээр хийгдэж байна. Энэ ажил 2026 онд бүрэн дуусах төлөвтэй байна.

Парк байгуулагдсанаар зэсийн баяжмал хайлуулах, молибден боловсруулах, кабель утасны үйлдвэрүүд, цаашлаад катодын зэсийг гүн боловсруулсан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрийн төв Орхон аймагт бүтээн байгуулагдах юм. Ийм хүлээлт дор зэс хайлуулах үйлдвэрийн төсөл анх хөдөлсөн.

Гэвч үйлдвэр, технологийн паркийг хөтлөх, үнэ цэнийг нь тодорхойлох зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжих шатандаа ихээхэн удаашралтай, тодорхой бус, ойлгомжгүй байдалтай цаг хугацаа ихээр алдаж байна. Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлэх юм уу, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хариуцах уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар толгойлж явах уу, Зэс боловсруулах цогцолбор гэж шинээр байгуулсан компани нь мэдэх юм уу. Олон толгой дотор зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр төөрөлдөж, давхардаж, эцэст нь зогсонги байдалтай болсон. Аль 2021 онд тус үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлсэн бол өдийд бид зэсээ хайлуулах үйлдвэртэй сууж байх байлаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Засгийн газрын 14 мега төслөөс урагшлах, бүтээн байгуулалт руу шилжих бүрэн боломжтой нь зэс хайлуулах үйлдвэр гэдгийг онцлоод уг төслийг эрчимжүүлэх, дээрх хариуцах, хэрэгжүүлэх эзнийг нь Засгийн газар тодорхой болгох асуудлыг хөндөж, УИХ-ын гишүүний хувиар тодорхой шаардлагыг удаа дараа тавьжээ. Д.Үүрийнтуяа гишүүний хувьд Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг. УИХ-аас гарсан Мега төслийг эрэмбэлэх, хэрэгжүүлэх ажлыг хэсгийг ахалж байгаа юм. 

zes_251211 

 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.