“Тэлмэн ресурс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Наран-Учралтай ярилцлаа.
-Танай компанийн “Гурвантэс XXXV” төсөл хоногт олборлох нүүрсний давхаргын метан хийн хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон гэсэн шүү дээ. Энэ талаар яривал?
-Манай компани 2021 онд Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн “Гурвантэс-ХХХV” нүүрсний давхаргын метан хийн талбайд Ашигт малтмал газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хайгуул, туршилт судалгааны ажлыг хөгжүүлж байна. Бидний зорилго бол нүүрсний давхаргын метан хийг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Өнөөдрийн байдлаар өдөрт гаргаж буй хийн хэмжээ ч нэмэгдсэн. Манай хийн олборлолтын хэмжээ хоногт 720 шоо метрт хүрсэн нь сарын эхээр бүртгэгдсэн өмнөх дээд үзүүлэлт болох 674 шоо метрээс долоон хувиар илүү өссөн гэх судалгааны үр дүн гарсан. Түүнчлэн нэгдүгээр сарын дундаж үзүүлэлтээс 21 хувиар өссөн байгаа юм.
-Нүүрснээс метан хий олборлох нь ямар үр ашигтай вэ, манай улсад тулгамдсан ямар, ямар асуудлыг шийдэж чадах вэ. Танай компани нүүрснээс хий олборлоод, үүгээрээ юу хийхээр зорьж ажиллаж байгаа вэ?
-Манай улсын хувьд энэ өвөл тог тасрах, эсвэл хязгаарлалт хийх, шатахууны хомсдол гэх мэт нэлээд хүндхэн асуудлуудтай нүүр тулгарсан шүү дээ. Өнөөдөр бид XXI зуунд нүүрс түлж, дулаанаа үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж байгаа нь сайн хэрэг. Тиймээс нэгдүгээрт, Монгол Улс тасралтгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчнийхээ хэрэгцээг яаж дотооддоо бүрэн хангах вэ. Хоёрдугаарт, утаа гаргахгүйгээр дулааныхаа асуудлыг яаж шийдэх вэ гэдэг бол манай улсад тулгамдсан хамгийн том асуудлууд шүү дээ. Түүнчлэн иргэн бүрд хамаатай асуудал. Бидэнд хамгийн их байгаа байгалийн баялаг болох нүүрснээсээ метан хий олборлоод, эдгээр асуудлаа шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, манай улсын эрчим хүч, дулааны асуудлыг байгалийн хий шийдэж чадна гэсэн үг. Бидэнд л шинэ ойлголт мэт боловч дэлхийн ихэнх улс байгалийн хий, бусад төрлийн хийг ашиглаад дотооддоо эрчим хүч, дулаанаа үйлдвэрлэж байна. Манай улсад тулгамдаж буй нэг асуудал бол бид дулаанаа шийдэхийн тулд агаарын бохирдол үйлдвэрлээд байгаа юм. Харин байгалийн хий нь хот, суурин газрын хослосон үйлдвэрлэлд хамгийн үр ашигтай шийдлүүдийн нэг. Утаагүй, агаарын бохирдол үүсгэдэгүй нүүрс гэж байхгүй.
Харин нүүрсэнд агуулагдаж буй метан хий бол утаагүй шийдэл. Монгол Улс эрчим хүчний олон төрөлт эх үүсвэртэй болоход байгалийн хий нь чухал ач холбогдолтой.
-Тэгвэл нүүрсэн дэх метан хий нь эрчим хүчнээс гадна утаа гаргахгүйгээр дулаан үйлдвэрлэх боломжтой гэсэн үг үү?
-Тийм. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ өсөн нэмэгдэж буй хэрэгцээг бүрэн дотоодоос хангаж чадахгүй байгаа тул тодорхой хэмжээнд импортоос хамааралтай байна. Тиймээс бид нүүрсэн дэх метан хийг олборлосноороо дотооддоо эрчим хүчнийхээ хэрэгцээг хангаж чадна гэсэн үг. Саяхан манай компани Эрчим хүчний яамтай санамж бичигт гарын үсэг зурсан. Тус ажлын хүрээнд “Эрчим хүчний оргил ачааллын үед ажиллах метан хийн эрчим хүчний эх үүсвэр”-ийн судалгааг эхний ээлжинд хийхээр болсон юм. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод дулаан хамгийн их хэрэгтэй. Тэгвэл дулааныг газ буюу байгалийн хийгээр үйлдвэрлэвэл утаа бараг гардаггүй юм. Нүүрстэй харьцуулбал метан хий нь илүү цэвэр шаталттай, байгаль орчинд үзүүлэх нөлөө багатай түлшинд тооцогддог. Нийслэлийн гэр хорооллын иргэдийг байгалийн хийн газны хэрэглээ рүү шилжүүлэх туршилт хийгдэж байгаа гэсэн. Энэ нь маш зөв. Жишээ нь, Оросын хойд талын хүйтэн хотууд дулаанаа байгалийн хийнээс үйлдвэрлэдэг учраас утааны ямар ч асуудалгүй байдаг.
Гэхдээ нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн дулааны асуудлыг импортоор оруулж ирж буй шингэрүүлсэн хийгээр шийдэж байгаа юм билээ. Үүгээрээ бид гэр хорооллынхоо дулаан, утааны асуудлыг шийдэж эхэлж байгаа ч нөгөө талд их хэмжээний шингэрүүлсэн хийг дахиад л гадаадаас аваад байна шүү дээ. Энэ хэмжээгээрээ валютын урсгал гадагшаа урсаад байгаа юм. Тэгвэл гадаадаас авсан, авах гэж буй шингэрүүлсэн хийг дотооддоо хийе л дээ. Нэгдүгээрт, манай компани хамгийн чухал хэрэгцээ шаардлагын дагуу шингэрүүлсэн хий гаргаж болно. Дараа нь эрчим хүчээ үйлдвэрлээд явах бүрэн боломжтой. Ийм үр ашигтай, том төслийг хэрэгжүүлж байгаа гэдгээ хэлмээр байна. Манайх шиг метан хий олборлох гээд явж буй хэд хэдэн компани бий. Манай компанийн хувьд Монголдоо, дотооддоо эрчим хүч, дулаан үйлдвэрлэхийг л зорьдог. Эх орондоо дулаан, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгож, эрчим хүчний импорттой холбоотой гадагшаа чиглэх валютын урсгалыг бууруулах нь манай төслийн гол зорилт юм. Дотооддоо утаа, агаарын бохирдолгүйгээр дулаан, эрчим хүчнийхээ асуудлыг шийддэг болчихвол маш том асуудалд бид цэг тавьж чадлаа гэсэн үг. Дотоодын байгалийн хийн салбарыг хөгжүүлэх нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг хангахад стратегийн ач холбогдолтой.
-Танай компанийн хувьд санхүүжилтээ хаанаас авдаг вэ?
-Байгалийн хийн олборлолт нь газар дээр ил уурхай үүсгэхгүй, гадаргын нөлөөлөл бага байдаг онцлогтой. Энэ нь технологийн хувьд маш үнэтэй тусдаг. Иймд манай компани төслийн санхүүжилтээ олон улсын хөрөнгийн зах зээлээс босгох замаар хэрэгжүүлж байна. Манай компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани бөгөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид оролцох боломжтой, ил тод бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Хамгийн гол нь хэзээ манай улс импортоор эрчим хүчээ авахаа больж, утаа гаргахгүйгээр дулаанаа үйлдвэрлэдэг болох юм бэ. Нэг ёсондоо хэзээ иргэдийн амьдралд үр нөлөөгөө өгөх вэ?
-Манай улсын хувьд эрчим хүчний импортын хараат байдлаа бууруулж, байгальд ээлтэй эх үүсвэрт шилжих үйл явц тодорхой үе шаттайгаар хэрэгжих шаардлагатай. Иргэдийн өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт мэдрэгдэх хугацаа нь энэ төрлийн төслүүдийн хэрэгжилтийн хурд, цар хүрээнээс шууд хамаардаг. Манай компанийн хувьд байгалийн хий олборлох боломжтой нөөц Монгол Улсад байгаа гэдгийг хайгуулын ажлаар тогтоож, олон нийтэд танилцуулсан. Одоогийн байдлаар эдийн засгийн хувьд үр ашигтай олборлох боломжийг нарийвчлан тодорхойлох судалгаа, туршилтын ажлууд үргэлжилж байна. Төслийн дараагийн үе шатанд ажлын цар хүрээг нэмэгдүүлж, илүү олон цооног өрөмдөх, олборлолт болон боловсруулалтын дэд бүтцийг үе шаттайгаар бүрдүүлэх шаардлага үүсдэг. Манай байгууллага энэ ажлуудыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийтдээ 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хайгуул, туршилтын ажиллагаанд зарцуулаад байна. Тодруулбал, 2023 онд гурван цооног, 2024 онд дахин гурван цооног, 2025 онд нэг цооногийг ашиглалтад оруулж, хуримтлагдсан мэдээлэл, дата дээр үндэслэн судалгааны ажлуудыг шат дараатай үргэлжлүүлж байна. Энэ онд мөн нэмэлт цооног өрөмдөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Нүүрснээс яаж хий гаргаж авдаг юм. Эхлээд нүүрсээ олборлоод дараа нь хийгээ гаргаж авдаг уу?
-Нүүрсний давхаргын метан хий гэхээр бид нүүрсийг ухаж олборлохгүй гэсэн үг. Газрын гадаргаас цооног өрөмдөж, үүгээрээ дамжуулан технологийн аргаар газар доорх нүүрснээс хийг нь ялгаж авдаг. Мөн технологийн хувьд сорилт ихтэй ажил. Гэхдээ Австрали, БНХАУ, АНУ гээд нүүрсний нөөц ихтэй орнуудад амжилттай хэрэгжээд явж байна. Газрын доор буюу байгалийн тогтоцоос нь технологийн аргаар цооног өрөмдөж л хий олборлоно. Манай төсөл Өмнөговь аймгийн Нарийнсухайтын бүлэг ордын талбайд төвлөрч байгаа. Энэ ордын нүүрсний хувьд байгалийн метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулж болох хангалттай нөөцийг агуулж байгаа гэдгийг тогтоосон.
-Хэр гүнд цооног өрөмдөж, хийг гаргаж авдаг вэ. Бүх нүүрсэнд метан хий байдаг уу?
-Ямар ч нүүрсэнд хий агуулагдах боломжтой гэж үздэг. Гэхдээ их, бага хэмжээг нь нүүрсний орд бүрд судалгаа явуулж байж мэднэ. Одоогийн байдлаар манай талбайн нүүрс бол хангалттай сайн метан хий агуулж байгаа нь тогтоогдсон. Зарим орд, зарим нүүрсэнд хий байхгүй ч тохиолдол бий. Манай эхний долоон туршилтын цооног 300-600 метрийн хооронд буй гүнээс нүүрсний хийг технологийн аргаар ялган авдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин