Б.Дуламсүрэнг “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ
9 Цагийн өмнө
169
Б.Дуламсүрэнг “Рио Тинто”-гийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ
"Рио Тинто" компанийн Зэсийн группт болон "Оюу толгой" ХХК-ийн удирдлагын багт тодорхой өөрчлөлт гарч, шинэ томилгоо үргэлжилж байна. Тодруулбал, “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Бэгзжавын Дуламсүрэнг тушаал дэвшүүлэн "Рио Тинто" компанийн Зэсийн группийн Монголыг хариуцсан Ерөнхий захирлаар томилжээ. Тэрээр ажлаа ирэх тавдугаар сард хүлээн авах аж. 

“Оюу толгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн нь 2012 оноос “Оюу толгой” компанид Бизнес ба санхүүгийн шинжилгээ хариуцсан менежер, Төслийн ахлах менежер, Стратеги, бизнес хөгжил хариуцсан Ерөнхий менежер, Санхүү эрхэлсэн захирал зэрэг албан тушаалыг хашиж ирсэн. 

Б.Дуламсүрэн нь “Оюу толгой”д ажиллаж эхлэхээс өмнө Мобиком корпорацийн Санхүү хариуцсан захирал, Ньюком группийн харилцаа холбооны салбар хариуцсан гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.

Тэрээр мөн Нью Йорк хотноо Уол Стритэд Европын томоохон санхүүгийн байгууллага болох “Би Эн Пи Парибас”-т хөрөнгө оруулалтын банкираар таван жил ажилласан. Б.Дуламсүрэн АНУ-ын Филадельф мужийн Пеннсильванийн Их сургуулийн Вартоны сургуулийг бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн анхны Монгол хүн юм.

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.