Оюу Толгой: Худалдан авалтынхаа 89 хувийг дотоодын компанид зарцуулсан
Оюу Толгой: Худалдан авалтынхаа 89 хувийг дотоодын компанид зарцуулсан
2023 оны эцэст Өмнөговь аймагт бүртгэлтэй 104 ханган нийлүүлэгчээс 945.3 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ.

"Оюу Толгой" ХХК 2023 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангаа танилцуулллаа. Тус компанийн худалдан авалтын баг 2023 оны эцэст 969 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 700 нь дотоодын ханган нийлүүлэгчид байв. Эдгээр дотоодын компанид худалдан авалтынхаа 89 хувийг зарцуулжээ.

2010 оноос хойш дотоодын худалдан авалтад "Оюу Толгой" ХХК 28.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Өмнөговь аймгийн хэмжээнд 2010 оноос 3.9 их наяд төгрөгийг тус компани худалдан авалтад зарцуулжээ. 2023 оны эцэст Өмнөговь аймагт бүртгэлтэй 104 ханган нийлүүлэгчээс 945.3 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авчээ.

Татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 2010 оноос хойш нийт 10.3 их наяд төгрөгийг төлсөн байна. "Оюу Толгой" ХХК нь НӨАТ-ын буцаан авалт хийдэггүй. 10.3 их наядад олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй нэг их наяд төгрөгийн татварын маргааны төлбөр багтжээ. 

"Оюу Толгой" ХХК-ийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 28.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүний 66 хувийг "Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сангийн төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна. Үлдсэн 34 хувийг Ханбогдын хөгжлийг дэмжих Оюу Толгойн хурдасгуур сангийн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд бүрдүүлжээ. 

Үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд "Оюу Толгой" ХХК 2010 оноос хойш 40.4 их наяд төгрөг зарцуулсан дүн мэдээтэй байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.