Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.
Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгох юм.
"Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.