Алтны ханш энэ он гарсаар 49 хувиар өсөөд буй. Урьд өмнө байгаагүй шинэ үнийг зах зээлд шаргал металл биежүүлж, хөрөнгө оруулагчид алт руу хошуурсан хэвээр байна. Алтны ханш унц нь 3900 ам.долларын хязгаарыг давж, амжилтын буухиагаа шинэчлэн тогтоов. Хямрал, хүндрэлийн бүхий л цаг үед баталгаатай "хатуу валют", хөрөнгө оруулалтын найдвартай хэрэгсэл болж чаддаг алтны төлөв ихээхэн өөдрөг байна.
Дэлхийн нэр хүнд бүхий санхүүгийн байгууллага, шинжээчид дор бүрнээ алтны үнийн төсөөллөө шинэчилж, ахиулсаар. Goldman Sachs болон Citigroup алтны төсөөллөө шинэчилж, 4000 ам.доллар хүрнэ гэсэн шинэ таамгийг дэвшүүллээ. АНУ мөнгөний бодлогоо зөөлрүүлэх "уур амьсгал" бүрдсэн нь алтны үнэ цойлох үндсэн шалтгааны нэг болж байна.
Алтны үнэ цэн улам нэмэгдэхэд өндөр инфляц, геополитикийн тодорхой бус байдлууд, ОХУ, Украины хооронд үргэлжилж буй дайн, Америкийн төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт шууд болон шууд бус байдлаар нөлөөлж, тусгал нь зах зээлд богино хугацаанд ийнхүү мэдрэгдэж эхэлсэн.
Эдийн засгийн эрсдэлийн "толь" болдог алтны ханшийн өсөлтөөс дэлхийн улс төр, гадаад харилцааны "уур амьсгал", хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын бодол, санааг ч дөмөгхөн тааж болохоор. АНУ, БНХАУ-ын хооронд удаан хугацааны турш үргэлжилсэн худалдааны дайн, тарифын маргаан алтны ханшийн төлөвт хүчтэй нөлөө үзүүлэх дүр зураг улам тодорч байна.