Төрд шилжин ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2023 оны гүйцэтгэлүүд гарсныг өмнө бид мэдээлсэн. Олборлолт, боловсруулалт, борлуулалт, улс болон орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийг нь энэ удаа нарийвчлан авч үзлээ. Товчхондоо, "сонжив". Эдгээр дөрвөн үзүүлэлтээр төрд байгаа хамгийн том, ашиг, орлого, ажилтны тоогоороо ч эхэнд бичигдэх “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн үнэ цэнэ, нөхцөл байдлыг тодорхойлох гэж зорьсон хэрэг.
Бүхий л цаг үед улс төр, бизнес, олон нийтийн анхаарлын төвөөс “Эрдэнэт үйлдвэр” холдсонгүй. Холдох ч аргагүй юм. Харин холдуулах сонирхол, холгох шахаа цаг үргэлж дагадаг байсан нь зуурдынх бус үүрдийнх гэмээр. Нээлттэй хувьцаат компани болгох хувилбар сүүлийн үед төр засгийн түвшинд цухалзах болсон. Энэ яриа хэзээ, хэрхэн биеллээ олох эсэхийг таашгүй. Угтаа агуулга, хэлбэр нь сайн засаглалд хөтлөх компанийн сонгодог загвар мөн. Хөрөнгийн зах зээлд "Эрдэнэт үйлдвэр" зэлээ татах, үгүйг эцэст нь төр л мэднэ гэсэн үг.
Төрд байгаа бүхэн муу засаглалын "жишээ", саар менежментийн "үзүүлэн" болдог. Тэгвэл төрд шилжин ирсэн “Эрдэнэт үйлдвэр” өнөө хэрхэн ажиллаж байна вэ. Үйлдвэрлэл, үр ашгийн үзүүлэлт нь муу, сайны аль талд хэлбийнэ вэ. 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” анхны баяжмалаа гаргасны 45 жилийн ой тохиосон. Ийм түүхэн, ач холбогдол өндөр ойгоо тэд ямархуу дүр зурагтай угтсан бэ. Үүнийг 2023 оны гүйцэтгэлээс тод харцгаая.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны гүйцэтгэлээр 39.4 сая тонн хүдэр олборлож, 36.9 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэхүү гарсан үр дүнг ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа худалдсан 2016 онтой харьцуулахад, хүдэр олборлолт нь 12 хувь, хүдэр боловсруулалт нь 18 хувиар тус тус өссөн байна. Үүний дараа 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулахад, хүдэр олборлолт 6 хувь, боловсруулалт нь 14 хувиар мөн л өссөн үзүүлэлттэй гарчээ.
Уурхайн уул геологийн нөхцөл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүндэрч, металлын агуулга буурч, хүдрийн хатуулаг нэмэгддэг. Зах зээлд арилжих бүтээгдэхүүний тоо хэмжээ дагаад буурна гэсэн үг. Эс хүссэн ч ийм бодит байдалтай аажмаар нүүр тулсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд хүдрийн олборлолт, боловсруулалтыг жил тутам ахиулж, өсөлт рүү авчирна гэдэг ямар ч уурхайн сорилт, амжилтаар хэмжигдэх. Эрсдэлийн өөдөөс хүдэр олборлох болон баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлж, энэ онд 38, ирэх жил 40 сая тонныг баяжуулахаар хашир уурхайчид зураглажээ. Яагаад ингэв...
Хүдэр дэх зэсийн агуулга нь жилээс жилд буурч байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 4 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос 1 тэрбум ам.долларыг Монголбанкинд борлуулж, 2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Үүнийг түүхэнд байгаагүй үзүүлэлт гэж үйлдвэрийн зүгээс тодотгож байна. Төв банкны валютын нөөц 2013 оны төгсгөлд 5 тэрбум ам.долларт тун дөхсөн. Энд "Эрдэнэт үйлдвэр" эрдэнэ мэт хувь нэмрээ оруулсан гэсэн үг.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн баяжмал дахь агуулга өнөө 22.5 хувь болж, 7 хувиар буураад байгаа. Агуулга ингэж буурна гэдэг ашиг орлого ч тэр хэрээр хумигдах эрсдэл юм. Баяжмал дахь зэсийн агуулга буурахтай хамт хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байгааг үйлдвэрийн Ерөнхий захирал эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзах үеэр учирласан. Өмнө нь ч хэлж байсан. Тэрчлэн уурхай гүнзгийрч, хүдрийн хатуулаг нэмэгдэх тусам хүдэр боловсруулахад зарцуулах цахилгааны хэрэглээ өсөж байгааг хэлж байсан. Нэмээд цахилгааны зардал ч өсчихсөн. Үнийн өсөлт уул уурхайг ч тойрсонгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн өртөг зардал тэр хэрээр нэмэгдэж байгааг эндээс харж болно. Энэ нь дан ганц Эрдэнэтээр хэмжигдэхгүй, дэлхийн зэсийн уурхайнуудад учирч байгаа жам ёсны үйл явц юм.
2023 оны дээрх үр дүнг ОХУ өөрийн эзэмшлийн 49 хувиа Монголын хувийн хэвшилд худалдсан 2016 онтой харьцуулахад, борлуулалтын орлого 3.2 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нь 11 дахин өссөн гэж “Эрдэнэт үйлдвэр” зүгээс мэдээллээ. Тэгвэл 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онтой харьцуулахад, бас л атаархам тоонууд уншигдах. Борлуулалтын орлого 1.8 дахин, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нь 2 дахин тус тус өссөн үзүүлэлтээр энэ оныг угтжээ. Эдгээр тоонууд төрд шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг үйл ажиллагааг үнэлэх, хэмжих, хардах, харьцуулах хамгийн том хариулт.
Компани, үйлдвэр үр ашигтай, өсөлттэй ажиллана гэдэг өөрөө амжилт. Үр ашиггүй зардлыг бууруулж, оновчтой төлөвлөж, эрсдэлийг удирдана гэдэг ур чадвар, багийн ажиллагаа, удирдлагын мэдлэг, туршлагатай холбогдох. Эдгээрийн ард хамгаас чухал нь зах зээл зангаа хувиргалгүй, тонн зэсийн үнэ ханш харьцангуй тогтвортой байсан нь "Эрдэнэт" үйлдвэрийг дээрх хэмжээнд ажиллах үүдийг нээж, замыг зассан гэж дүгнэх.