Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг оны өмнө танилцуулсан юм. Монгол Улс цар тахлын дараах болон дайнаас улбаатай эдийн засгийн хүндрэлийг 2023 онд амжилттай даван туулж, эдийн засагт түүхэн дээд үзүүлэлт гарсан жил болж өнгөрснийг тэрээр тодотголоо. Тухайлбал, манай улс түүхэндээ анх удаа 69 сая тонн нүүрс экспортоллоо. Төсөв, төлбөрийн тэнцэл 13 жилийн дараа анх удаа ашигтай гарлаа.
Гадаад валютын албан нөөц 4.2 орчим тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн өсөлт 6,8 хувьд хүрч, сүүлийн 10 жилийн дунджаас 2.5 хувиар өсөв. Засгийн газрын өр 44.3 хувиар буурч, хугацаа нь тулсан бондын өрнүүдийг төлж барагдуулж, олон улсад төсвийн сахилга баттай байдлаа Монгол Улс батлан харууллаа.
Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр Самурай, Евро бондын өрийг төллөө. 2016 онд C түвшинд үнэлэгдэж байсан зээлжих зэрэглэлээ B түвшин рүү ахиулж, тогтвортой хэвээр хадгаллаа. Эдгээр нааштай өөрчлөлтүүд, төсөв, эдийн засагт гарсан байна.