Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2 Цагийн өмнө
77
Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаараа Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Есдүгээр сарын 15, 16-ны өдрийн хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар боллоо. Жилийн инфляц 2025 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.8 хувь, Улаанбаатар хотод 9.8 хувьтай гарлаа.

"Инфляц энэ оны 2 дугаар сараас эхлэн мөнгө, санхүүгийн бодлогын төлөвийг шат дараатайгаар хатууруулсан нөлөөгөөр алгуур саарсан ч 8 дугаар сард мах, хүнсний ногоо, гурилын үнэ харьцангуй өндөр байсан нь хүнсний инфляцыг өмнөх сараас нэмэгдүүллээ. Цаашид инфляц алгуур буурч, 2026 онд зорилтот интервалд орох төсөөлөлтэй байна. Гэвч, Засгийн газраас хэрэгжүүлэх төслүүд, түүний санхүүжилт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг өдөөж болзошгүй" хэмээн Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсан байна. 

Мөнгөний бодлогын мэдэгдэлд "Эдийн засаг хүлээлтийн орчимд буюу 2025 оны эхний хагаст 5.6 хувиар өслөө. Өсөлтийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбарын өсөлт бүрдүүлж байна. Оны сүүлийн хагаст зэсийн баяжмалын олборлолт нэмэгдэх, шинэ төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх зэрэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Өмнөх бодлогын шийдвэр гарсан үетэй харьцуулахад улс орнууд хоорондын худалдааны хэлэлцээрүүд хийгдэж, АНУ-ын тарифын түвшин анх зарласан дүнгээс доогуур тогтож, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гүйцэтгэлээр бага зэрэг сайжруулсан боловч тодорхой бус байдал өндөр хэвээр байна" хэмээн үзжээ. 

Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэжээ. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.