Татварын шинэчлэл төрийн зардыг санхүүжүүлэхэд бус түмний амьдралыг сайжруулахад чиглэх ёстойг УИХ-ын дарга анхааруулсан.
Төрөөс хувийн хэвшил, иргэдийн нуруунд үүрүүлж буй татварын ачаалал, дарамт багадаагүй. Өнгөрсөн жилүүдэд төр иргэд, аж ахуйн нэгжээ хамгийн ихээр мөлжиж, хамгийн их ачааллыг үүрүүлсэн. Төр зардлаа танах бус тэлж, харин өрхүүд, хувийн хэвшлүүд бүсээ чангалсан. Ковидоос хойш эдийн засагт нүүрлэсэн үнийн огцом өсөлт, татварын дарамт өнөөдөр дундаж давхаргыг буланд шахаж, өрхийн амьжиргаа доройтох зам руу хөтөлсөн билээ. Тиймээс өнөөдөр үйлчилж буй татварын бодлогыг эргэж харах цаг үе ирсэн байна. Үүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын ээлжит чуулганыг нээхдээ хэлж, ард түмний “нурууг тэнийлгэх” татварын шинэчлэлийг хийнэ гэж мэдэгдсэн нь хамгийн их анхаарал татаж байна.
Намрын чуулганыг хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан татварын ачааллыг бодитоор бууруулж ард түмний “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх, төрийн өмчийн бодлогын шинэчлэн, төрийн өмчит компаниудын ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлж хувийн хэвшлийн бизнесийн орчныг сайжруулах чуулган эхэлж буйг тэрбээр онцолсон юм. Монгол хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй хязгаарлагч хүчин зүйлсийн нэг нь татварын хэдийтсэн их дарамт.
Татварын шинэчлэл төрийн зардыг санхүүжүүлэхэд дан ганц зориулагдах бус түмний амьдралыг сайжруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэх ёстойг УИХ-ын дарга анхааруулсан.
Тодруулбал, парламентийн спикер "Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, нийгмийн даатгалын дарамтыг бууруулж, төрийн бизнесийг биш харин хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмждэг хууль, эрх зүйн орчныг хүсэж байна. Энэ бол олон хэвшил бүхий эдийн засагтай байх, өмчлөгчийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг хүссэн ард түмний хүсэл юм" хэмээн намрын чуулганаа нээсэн.
Татвар дотроо нийгмийн даатгалын хувь хэмжээний огцом нэмэгдэл аж ахуйн нэгжийг сульдуулж байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо нь хуучин нийгмийн бүтэц дээрээ гацжээ. Энэ тогтолцоо ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд тус нэмэр болж чадахгүй, далд хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг өдөөж байна. Нийгмийн даатгал нь ажил хийж, ажлын байр бий болгож байгаа хүнд шийтгэл мэт болж “нурууг нь” авч байна. Тиймээс хуучирсан тогтолцооны зарчмыг үндсээр нь халж, нийгмийн даатгалын тогтолцоог иргэн бүр өөрийн нэрийн дансаа удирдах, хөдөлмөрийн зах зээлийг хөхиүлэн дэмжих, тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэх учиртай. Энэ шинэчлэл нийгмийн даатгалын сангийн алдагдал, буруу удирдлага, хулгай луйврын ул мөрийг нөхөхөд чиглэх ёсгүй. Монгол Улсын иргэн бүр өөрийн хуримтлалынхаа жинхэнэ эзэн байх зарчмыг гол цөмөө болгож, бодитой шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар, холбогдох яам боловсруулж өргөн мэдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэе" гэлээ.
Удаах татвартай холбоотой онцлох байр суурь нь "Иргэдийн хүсэн хүлээж буй татварын бодлогын хувьд төсвийн орлого, зарлагын бүтцийн асуудлыг бүх талаас нь уялдаатай авч үзэх шаардлагатай. Татвар нэг талаас нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн орлого бүрдүүлэхэд, нөгөө талаас олон хэвшил бүхий эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэх ёстойг Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага онцолдог. Гэтэл манай улсын татварын бодлого төсвийн орлого бүрдүүлэх чиг үүрэгт хэт анхаарсны улмаас 2024 онд гэхэд улсын төсвийн орлогын 92 хувийг зөвхөн татварын орлогоос бүрдүүлсэн. Тэгвэл энэ ачааллыг төрийн өмчит компаниудын үр өгөөжийг сайжруулснаар бодитой багасгах боломж байсаар байна.
Татварын хэт ачаалал бүтээмж, өсөлт, хөгжлийн дайсан болж байна. Төр дарамтыг биш, боломжийг бий болгох ёстой. Тиймээс татварын хуулиудад “гар хүрэх төдий” өөрчлөлт хийх биш, татварын ачааллыг бодитоор бууруулж жинхэнэ утгаар “нурууг тэнийлгэх” шинэчлэл хийх цаг ирсэн. Татвар бууруулах тохиолдолд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг нийгмийн шинжтэй өсөн нэмэгдэж буй зардлыг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр бий болгох шаардлага үүсэх нь тодорхой. Үүний тулд нэгд, төсвийн орлого бүрдүүлэх тогтолцоо, бүтцийг өөрчлөх эрх зүйн орчин бүрдүүлэх, хоёрт, төрийн албаны зардлыг бууруулах үр ашигтай, бүтээмжтэй загварыг бий болгох шаардлагатай" гэлээ.
Бага, дунд орлоготой нийгмийн бүлэг, тэр тусмаа ажиллаж хөдөлмөрлөж, өөрийн чадлаар аж ахуйгаа босгож, амьдралаа авч яваа бүхэн өнгөрсөн хугацаанд хэлмэгдсэн. Төр илүү сайн ажиллаж, илүү их бүтээмж гаргаж байгаа бүхнээ татвараар торгож, төр өөрийн зардлаа “даалгасан”. Ийм хайр найргүй татварын орчинд залуус ирээдүйгээ өөдрөг сайнаар төсөөлөх боломжгүй болж, гадагш гарахыг илүүд үзэх болсон. Тэр тусмаа шинэ тутам бизнес эхлүүлж байгаа бүхэн өндөр татварын өмнө шантарч, хичээл зүтгэл нь талаар болоход хүргэж буй. Бизнесийн орчинд дэндүү харгис татварын бодлого ноёлж байгаа цагт жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны компаниуд өсөн дэвжих ирээдүй бүрхэг байгаа юм.
2026 оны төсвийн төсөлтэй хамт хөдлөх татварын шинэчлэл ядуурал буурах, ажлын байр нэмэгдэх, хувийн хэвшил тогтвортой үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлэхэд чиглэж, ард түмний "нурууг тэнийлгэх" өөрчлөлт байгаасай. Дан ганц төсвийн орлогыг бүрдүүлэх төлөвлөгөө төдий бус түмнээ бодсон шийдэлд хүрээсэй. Үүнийг нийгэм хүсэж байна.