"Монголын Төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудад бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахыг даалгав
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан болж, хурлаар өвөлжилтийн бэлтгэлийг хангах, албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах, биелэлтийг эрчимжүүлэх үүргийг харьяа газрын бүх дарга нарт өглөө. Мөн цаг үеийн бусад тулгамдсан асуудлын талаар өргөн хүрээтэй хэлэлцлээ. Тухайлбал, ОБЕГ-аас өгч буй мэдээллээр 2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Иймээс салбар тус бүр өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж, болзошүй эрсдлээс сэргийлж ажиллахыг санууллаа.
Ялангуяа, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн ачаа тээврийн галт тэрэгний хүрэлцээ хангамжид анхаарч Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрс тээвэрлэлтийн асуудалд анхаарал хандуулах, холбогдох байгууллагуудтай уялдаа холбоотой хамтарч ажиллахыг анхааруулав.
Мөн “Монголын Төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагуудад энэ долоо хоногт бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, ойрын хугацаанд эргэж танилцуулахыг даалгалаа.
”Монголын төмөр зам” ТӨХК -ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунд ирэх есдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн баг, ЗТЯ-ны Төмөр замын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар өөрсдийн үүрэгт ажилдаа анхаарах тул нүүрс тээвэрлэлтийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь тээвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, ажлаа шахаж хариуцлагатай ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Зам, тээврийн салбарт удтал яригдаж буй автозам ашиглалт, автозамын эвдрэл гэмтэл, тээврийн хэрэгслийн жин тонн, даацын асуудалд шийдэл хүлээж буй үнэ тарифын асуудлыг аль аль талдаа ул суурьтай, судалгаатай, тэнцвэртэй шийдвэрлэхийн тулд ЗТЯ-наас томилогдсон Ажлын хэсэг, газрын дарга нар ирэх долоо хоногт Замын-Үүдэд очиж ажиллах, ЗТЯ, АТҮТ, жолооч тээвэрчдийг оролцуулсан салбар дундын уулзалт хэлэлцүүлэг хийж, санал солилцохыг үүрэг болгов.
Мөн энэ ажлын хүрээнд Монгол Улсын экспорт, импортыг нэмэгдүүлэх хүрээнд тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн жин тонноос авах татвар хураамжийн асуудлыг аль аль талдаа тэнцвэртэйгээр шийдвэрлэхыг санууллаа. Ингэхдээ автозам ашиглалтын хүрээнд автобуснаас татвар авахгүй, одоогийн авч буй тарифын үнийг нэмэгдүүлэхгүй байхыг тодотгов.
АЗЗА нэгтгэлийг татан буулгахтай холбогдуулан ажилтан, алба хаагчдад цаг үеийн мэдээллийг үнэн зөв хүргэх, барилга байшингийн түрээсийг цуцалж төсвийн мөнгийг хэмнэх, дүрэм журам, дотоод зохион байгуулалтад анхаарч ажиллах тухай үүрэг чиглэлийг өгөв.
Шуурхай хуралд харьяа байгууллагын удирдлагууд 98 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцууллаа. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхайд танилцуулагдсан ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, зарим асуудлыг тодотгож, үүрэг чиглэл өгөв.