Эдийн засаг тогтвортой байвал банкны өрсөлдөх чадвар улам нэмэгдэнэ.
Банкны салбар дахь өрсөлдөөн улам ширүүсэж, урьд өмнө байгаагүй хөгжлийн шаардлагууд тавигдах болсон. Олон нийт, олон улс, нийгэм засаглалаас ирэх босго шалгуур өндөрсөж, банкууд өнөөдрийн хөгжил, хүрсэн амжилтандаа туйлшран ханахгүй, урагшлах түүхэн хөгжлийн шинэ цаг үед зогсож байна. Ногоон санхүүжилт, ногоон бонд, жендерийн мэдрэмж гээд бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүд нь цоо шинээр нэмэгдэж, нийгмийн хариуцлага, даян дэлхийн өмнө хүлээх үүрэг нь тэлж байна.
Монголын банкны салбарын 2024 оны өрсөлдөх чадварын судалгааны дүн гараад удаагүй байна. Банкны өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс жил ирэх тусам байр урагшлах болсон. 2019 онд 37 улсаас 28-д байсан бол 2024 оны судалгаагаар 9-дүгээр байранд бичигдэж, 18 байр урагшилсан байна. Бүс нутгийн 5 орноос 1-дүгээр байр, уул уурхайн хамаарал бүхий 21 орноос 6-дугаар байр, дунджаас дээгүүр орлоготой 14 улсаас 3-дугаар байрыг тус тус эзэлж, өмнө хийгдэж байсан судалгаатай харьцуулахад банкны салбарын өрсөлдөх чадвар эрс сайжирсан үзүүлэлттэй байна.
Тэрчлэн макро эдийн засгийн орчныг тогтвортой байлгахад бодлого тодорхойлогчдын зүгээс ихээхэн анхаарал хандуулж чадвал банкны салбарын өрсөлдөх чадвар цаашид улам нэмэгдэх боломжтой байна. Учир нь, хөгжиж буй болон уул уурхайгаас хэт хамааралтай улсуудын хувьд макро эдийн засгийн орчин тогтвортой байдал нь тухайн улсын банкны салбарт ихээхэн нөлөөлж байдаг аж.
Монголын банкны холбооноос "Банкны салбарын өрсөлдөх чадвар"-ын судалгааны тайланг 2020 онд анх эхлүүлж, банкны хөгжилд үнэлэлт дүгнэлт өгөх, чиг баримжаа авах эх сурвалж болж байна. Банкууд хөрөнгийн зах зээлд хөл тавьж, олон нийтийн засаглалд орж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Үүнтэй хамт засаглал сайжрах, хараат бус байдал бэхжих, үр ашиг өсөх, олон нийтийн банкны салбарт итгэх итгэл нэмэгдэх, үйл ажиллагаа нь тэлэх, Төлөөлөн удирдах зөвлөл тунгалагших, дараагийн шатны хөгжил рүү банкууд хөл тавьжээ. Эдгээр өөрчлөлтийн үндэс суурь нь хууль эрх зүйн орчин байсан.
Эргэн сануулахад, УИХ-аас 2020 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Улмаар үүнтэй уялдуулан Монголбанк Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, системд нөлөө бүхий банкнууд хөрөнгийн биржид нээлттэй ХК болох үүрэг хүлээсэн. Ингээд хуулийн дагуу банкууд 2022 оноос эхлэн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаснаар өөрийн хөрөнгийн хэмжээгээ 447 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Банк хэсэг бүлэг хүний бус олон нийтийн өмч хөрөнгө болж, хамтын бизнесийн шинж чанарыг өөртөө цогцлоосон. Иргэд хувьцааг нь эзэмших замаар банкны шийдвэр гаргалтанд шууд бусаар оролцож, хөрөнгийн зах зээлд шинэ идэвхжил авчирсан.
Өнгөрсөн хугацаанд банкны салбар хамгийн олон шалгуур, сорилтыг даван туулж, өнөөдрийг хөгжлөө олж авсан. Өрсөлдөөн ихтэй, тэр хэрээр байнгын хөгжүүлэлт шаарддаг, техник технологийн дэвшил ч алхам тутам нэвтэрч байдаг. Эдгээрийн үр дүнд банкууд эдийн засгийн хөдөлгөгч хүч нь болжээ. Засаглал, зах зээлийн хүндрэл бэрхшээл, гадаад дотоод эрсдэлтэй хамгийн эхэнд нүүр тулж, улсын хөгжлийн тулах цэг, урдаа барих тулгуур салбар нь болсон байна.
Эдийн засгийн мөнгөний эргэлтийг зохицуулдаг, зуучлагчийн үүргийг гүйцэтгэж буй банкны салбар тулгарах асуудлууд ихтэй. Сахилга бат, хариуцлага гээд мөрдөх хэм хэмжээ, хяналт шалгалт, хүлээх ёс зүй алхам тутам дагалдана. Дижитал шилжилтийг бүхий л үйл ажиллагаандаа банкууд эрчимтэй нутагшуулж, цаг хугацаа, цаас, хөрөнгө мөнгийг хэмнэх, харилцагчаа хадгалж үлдэх, байр сууриа бэхжүүлэх шинэ өрсөлдөөнд хөтлөгдөн орсон. Техник технологийн орчин цагийн шинэлэг шийдэл рүү банкууд нэлээдгүй хөрөнгө оруулалт хийсэн. Үүний үр дүн богино хугацаанд гарч, харилцагчийн соёл, зан төлөв асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна.
Банкны салбарын өөрийн хөрөнгийн өгөөж сүүлийн 3 жилийн хугацаанд 20 орчим хувьд хадгалагдаж байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа юм. Мөн банкны салбар технологийн тусламжтайгаар ажилчдын бүтээмжийг дээшлүүлж, хэрэглэгчдэд хурдан шуурхай, хялбар үйлчилгээг санал болгосноор зардлын үр ашигтай байдлаа нэмэгдүүлж чадсан байна. Үүний ард хувьцаа эзэмшигчдэд очих ногдол ашгийн дүн өснө гэсэн үг.
Манай улсын хувьд банкны салбарын хүртээмжээр судалгаанд хамрагдсан улс орнуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр бичигдэж байна. Иргэн болгон өнөөдөр өөрт хамгийн ойр буй банкны салбар болон гар утаснаасаа банкны үйлчилгээг цаг алдалгүй авч, дижитал шилжилтийн үр ашгийг жигд нийтээр хүртэж буй. Банкуудын технологийн жинтэй хөрөнгө оруулалт нь энэхүү боломжийг олгож байгаа. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 98 хувь нь банканд данстай бөгөөд нийт төлбөр тооцооны 97 хувь нь дижитал хэлбэрээр явагдаж байна. Интернэт банк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2020 онтой харьцуулахад 2 дахин, мобайл банк хэрэглэгчдийн тоо 7 дахин өсжээ. Эдгээр статистик үзүүлэлт нь банкны хөгжлийг хурцлах өрсөлдөөн өнгөрсөн хугацаанд ихээхэн ширүүсэн байсны бас нэгэн нотолгоо юм.