"Алт-3" хөтөлбөр манай улс хэрэгжүүлэхээр зүтгүүлсэн ч Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригтой нүүр тулчихсан. Нэмээд шинэ Ерөнхий сайдын нийгмийн сүлжээнд илэрхийлсэн "Ноён уулаа хөндөхгүй" гэсэн байр суурь УИХ-ын босго давсан хөтөлбөрт тодорхой бус байдал үүсгэж орхисон. Ийм уур амьсгал дунд "Алт-3" урагшлах эсэх нь бүрхэг болж, алтны салбарт дахин шинэ хүлээлт биежиж, ойлгомжгүй байдал тэлсэн. Компаниуд гайхширч, шинэ төслүүд ширээний нүдэнд үлдэх эргэлзээ төрүүлж эхэлсэн.
Эдийн засгаа аврах төлөвлөгөөний эхэнд бичигдэж буй "Алт-3" хөтөлбөр цаашид алга болох уу, эсвэл Засгийн газар УИХ-аар дахин хэлэлцүүлэх үү... Намрын чуулганаар уг хөтөлбөрийн ирээдүй тодорхой болж, алтаа ухна, ухахгүй гэсэн нийгмийн талцал, хэрүүл, тэмцэлд нэг мөр цэг тавих биз ээ, эрх баригчид. Эдгээрээс үүдэн "Алт-3" хөтөлбөр хэрэгжих эсэх нь удааширсан ч шар металл анхаарлын төвд улам гүн орохоор байна. Алт өнөө дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлын баталгаа төдийгүй хямралыг давах, хүндрэлээс гарах алтан найдвар юм.
Түүхэн дээд ханшаа алт өнгөрсөн хугацаанд тогтмол шинэчилж, үргэлж шинэ үнийн өсөлтөөр өөрийн үнэ цэнэ, өгөөжөө зах зээлд тод зарлах болсон. Ингэснээр хөрөнгө оруулагчдын хүслийн жагсаалтыг тэргүүлж, хүчирхэг хатуу валют гэдгээ алхам тутам баталж буй.
Сүүлийн хоёр жилд алт урьд өмнө байгаагүй өөдрөг өсөлтийг зах зээлд авчирсан. 2024 онд л гэхэд 27 хувийн өсөлт үзүүлж, өсөлтийн эрчээ өнөөдөр ч хадгалсан хэвээр. Саяхан л хэт өөдрөг таамагт тооцогдож байсан 3000 ам.доллар хол биш байсныг алтны үнэ энэ оны эхний улиралд харуулж, төсөөллийг хэдэнтээ эвдсэн. Үүгээр зогсохгүй өндөр ханш руу тэмүүлсэн.
Эргэн сануулахад, алтны үнэ 3500 ам.долларт ойртон ирж, бараг л давах дөхсөн. 2600, 2700 гэсэн таамаглал аль хэдийнэ тоосонд дарагдан хоцорч, алтны үнэ 3000 ам.долларын түвшинд "мөнхөрнө" гэсэн төсөөллийг эрдсийн шинжээчид хийж, зарим нь үүнээс ч илүү өсөлт үзүүлнэ гэж зөгнөж эхэлсэн. Тэдний таамгууд ёсоор болсон.
Алтны үнийн өсөлтийн гялалзсан амжилт одоо ч үргэлжилсээр. Энэ амжилтын буухиа тасрахгүй, тасалдах шалтгаан ч дэлхийн эдийн засагт одоогоор алга гэх байр суурь илүүтэй зонхилох аж. Ирэх онд алтны үнэ бага зэрэг суларна гэж Citi банк үзсэн. Харин үүнийг сөрж бусад нь шинэ үнэ дэвшүүлэн танилцуулж, таамгийг шинэчилж эхэлсэн. 2025 оны эхний хагаст үзүүлсэн алтны үнийн өсөлтийн буухиа 2026 онд ч давтагдах төдийгүй 3500-г хол сэтэлж, 3700, цаашилбал 4000 ам.долларт шүргэх төсөөллийг томчуудаас зарим нь танилцуулж байх юм.
UBS болон Goldman Sachs тэргүүтэй аваргууд алтны үнэ ахиад өснө, тогтвортой байдлаа хадгална гэж мөрий тавихад ч бэлэн мэт тунхаглаж, алтны эрэлтийг дэмжсээр. Банкууд алт нөөцлөх нь ихсэж, худалдан авалтаа хумих бус тэлэх янзтай байна. Өнгөрсөн жилүүдэд төв банкууд худалдан авах алтны хэмжээнд гар татаагүй. АНУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны үйл хөдлөл алтны үнэ өсөх, тогтвортой байх, ам.долларын ханш сулрах учиг шалтгаан болох аж.
Их гүрнүүд болох АНУ, БНХАУ-ын хооронд өрнөх худалдааны дайн, татварын маргаантай холбоотой тодорхой бус байдал алтны үнэ өсөхөд нөлөөлж буй. Том эдийн засгууд металлын зах зээлд том нөлөө үзүүлж, таамаг өөрчлөгдөх үндэслэл болж байгаа.
Тэрчлэн ОХУ, Украины эмзэг нөхцөл байдал шар металл руу хөрөнгө оруулагчид хошуурах, дэлхийн эдийн засгууд алтаар "ярилцах" нэгэн томоохон шалтгаан болсон хэвээр л байна. Энэ бүхэн алтны үнийн өсөлт улам гялалзах орчин нөхцөлийг зах зээлд бүрдүүлсээр...