Эдийн засгийг аврах төлөвлөгөө урагшлах уу...
4 Өдрийн өмнө
433
Эдийн засгийг аврах төлөвлөгөө урагшлах уу...

Үе үеийн Засгийн газар эдийн засаг хүндрэх, төсвийн орлого тасрах, валютын нөөц дундрах, төгрөгийн ханш үнэгүйдэх үед шар металлд "хайр" зарладаг. Эдийн засгаа аварч үлдэх төлөвлөгөөний эхэнд алт бичигдэж, алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч эхэлдэг. Татварын орчныг нь зөөллөж, Хөгжлийн банкны зээлээс хүртэл хуваарилж, алтны салбарт тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг жишиг тогтчихсон.

Тогтсон жишиг өнөө давтагдаж байгаа. "Алт-3" хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр зүтгүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжихгүй бол алтны олборлолт улам буурч, төв банк руу ирэх алтны хэмжээ багасаж, үр дүнд нь валютын нөөц дундрах аюул байгаа юм. Монголбанк 2025 оны 7 дугаар сарын байдлаар нийт 7 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.9 хувиар буурсан үзүүлэлт. Алтны тушаалт сүүлийн жилүүдэд буурч, тус салбарын идэвхжил суларсан. 

dollar_250815 

Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 5.3 тэрбум ам.доллар байна. Эдийн засаг тэлж, импортын худалдааны дүн, цар хүрээ байнга томорч байгаа цаг үед 5.3 тэрбум ам.доллар гэдэг амар амгалан хараад суух тоо биш юм. Тэр тусмаа нүүрсний үнэ 30 гаруй хувиар унасан, орлого тасалдсан төсөв, эдийн засгийн ийм эмзэг орчин нөхцөлд 5.3 тэрбум ам.доллар гэдэг тордох, арвижуулах дүн билээ.

Валютын нөөц дундарч доошилно гэдэг төгрөгт итгэх итгэл найдвар бөхөх, импортын хэрэглээтэй орны хувьд эдийн засаг хямрал руу хөл алдах, инфляц гаарах, эдийн засгийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс алтанд найдаж, "Алт-3" хөтөлбөрийг санаачилсан хэрэг. 

gold_250804 Эдийн засгаа аварч үлдэх төлөвлөгөөний хөзөр нь "Алт-3" хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр хэрэгжихгүй бол ард түмний амьдрал илүү доройтох, төгрөгийн худалдан авах чадвар буурах, үнийн өсөлт жолоо цулбуураа алдах, ажилгүйдэл нэмэгдэж, ядуурал эгнээгээ тэлэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаварт хөтлөхөөр байгаа. Тиймээс Засгийн газрууд алт руу онцгой анхаарч, эдийн засгийн тусгаар байдлаа хадгалж үлдэх гэж хичээдэг. Эдийн засгийн эмзэг байдал нь нийгэм, улс төрийн тогтворгүй орчныг үүсгэдэг. Тиймээс болгоомжлол эхэнд. 

Өнөөдрийн Засгийн газар "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, эдийн засгийн хүндрэлийн үед уул уурхайгаа түшнэ гэж ярьж, хэлж байна. Үүнээс өөр харагдах гарц, ойрын найдвар байхгүй учраас 60 гаруйхан хоногтой шинэхэн засаг уул уурхайн салбарт, тэр тусмаа нүүрсний экспортыг өсгөх болон алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд анхаарна хэмээн бизнесийн орчин хүлээлт үүсгэсэн. 

Нүүрсний экспорт болон биржийн арилжаатай холбоотой нааштай үр дүнгүүд өнгөрсөн өдрүүдэд гарч эхэлсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удааширсан биржийн арилжаа эрчимжиж, улсын гадаад валютын нөөц нэмэгдэх хүлээлттэй байна. Валютын нөөц нэмэгдэнэ гэдэг ханш тогтворжиж, төгрөгийн үнэ цэнэ хадгалагдана гэсэн үг. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ томоотой байна гэсэн үг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д Онцгой дэглэм тогтоосноос хойш 1 сарын хугацаанд Биржээр 22 удаагийн арилжаагаар 94.5 сая ам.долларын үнэлгээ бүхий 1.44 сая тонн нүүрс борлуулаад байна. Нүүрсний зах зээл уналттай хэдий ч биржийн арилжаа эргэн сэргэж, тус компанийн өдрийн арилжааны дүн 44 сая ам.долларт шүргэж, энэ оны борлуулалтын дээд амжилтаа тогтоосон билээ. Нүүрсний экспорт эдийн засагт сайн мэдээ дуулгаж эхэлж байна. 

Харин одоо "Алт-3" хөтөлбөр урагшлах болов уу. Олон улсын зах зээл дээр шар металлын үнэ жилээс жилд нэмэгдэж, сүүлийн 5 жилийн хугацаанд алтны үнэ хоёр дахин өссөн. Өнөөдөр түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна. Зах зээл таатай боловч засаг захиргааны оролцоо дотоодын алтны салбарт тодорхойгүй байдал үүсгэж ирсэн. "Урт нэртэй" хуулийн хүрээнд шороон ордын тогтоогдсон нөөцийн 50 гаруй хувь нь ашиглах боломжгүй болж, хуулийн хязгаарлалт тавигдсан. Эдийн засгийн үр ашиг нь өндөр, нөөц нь тодорхой, ашиглах боломжтой үндсэн ордуудыг хуулийн хориглолтоос гаргах, хариуцлагатай олборлох замаар валютын нөөцөө өсгөх боломж бидэнд байгаа юм.

Үндсэндээ эдийн засгаа аврах төлөвлөгөөний эхэнд буй "Алт-3" хөтөлбөрийг хөдөлгөх, үндсэн ордуудыг олж илрүүлэх, нээх, геологи хайгуулыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хүлээгдэж буй төслүүдийг явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх, байгаль орчны үнэлгээг тодорхой болгох, хариуцлагатай уул уурхайн хэм хэмжээг эргэн харах зэрэг их ажлын өмнө Засгийн газар хүрээд ирчихлээ. "Алт-3" хөтөлбөр одоо хэрэгжих юм бол эдийн засагт, тэр тусмаа валютын нөөц нэмэгдэх, төгрөгийн ханш тогтвортой байхад түүхэн үүрэг гүйцэтгэхээр байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.