Эрдэнэт үйлдвэр “Тогтвортой уул уурхай хөгжлийн төлөө” стандартыг нэвтрүүлнэ
1 Өдрийн өмнө
267
Эрдэнэт үйлдвэр “Тогтвортой уул уурхай хөгжлийн төлөө” стандартыг нэвтрүүлнэ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” олон улсын стандартыг өөрийн үйл ажиллагаандаа нутагшуулж, хэрэгжүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, сургагч багш нарын хамт тус үйлдвэрийн мэргэжилтнүүдэд сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Сургалтын үйл ажиллагааг нээж, Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр зөвхөн зэсийн хүдэр олборлоод зогсохгүй нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжил болон ажилтнуудынхаа аж амьдралд бодитой хувь нэмэр оруулдаг. Энэхүү хувь нэмэр нь улс орны дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг бүрдүүлж байна. Өнөөдөр дэлхий нийт ногоон хөгжил, цэвэр эрчим хүч, байгальд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжиж буй цаг үед бидний үйлдвэрлэдэг зэс, цэвэр технологийн хөгжлийн суурь ашигт малтмал болж буйгаараа онцлог. Уул уурхайн компаниуд дэлхийн жишигт нийцсэн, олон нийтэд ил тод хариуцлагатай ажиллах шаардлага бидний өмнө тавигдаж байна. 2024 оны 10 дугаар сард Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Канадын Уул уурхайн холбоо хамтран “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартад нэгдэж, санамж бичиг байгуулсан. Энэ стандарт нь байгаль орчин, нийгмийн хариуцлага, засаглалын үндсэн зарчимд тулгуурласан олон улсын жишиг стандарт. Эрдэнэт үйлдвэр нь МУУҮА-ийн гишүүн байгууллагын хувьд уг стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна. Тиймээс “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандартыг хэрэгжүүлж буй Монголын анхны төрийн өмчийн уул уурхайн компани болж байна. Энэ нь бидний хувьд том хариуцлага бөгөөд нэр төрийн хэрэг юм. Бид энэхүү стандартын шаардлагын дагуу дотоод бэлтгэл хангах, өөрийн үнэлгээ хийх, цаашид ямар өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй эсэхийг тодорхойлох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна” хэмээн онцлов. 
erdenet_2508012 
“Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандартын эхний сургалтаар уг стандартын үндсэн агуулга, шалгуур үзүүлэлт, хэрэгжүүлэх арга замын талаар ажлын хэсэг, мэргэжилтнүүдэд танилцууллаа. Ингэснээр үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагааны өөрийн үнэлгээг тогтоож, стандарт хэрэгжилтийн дараагийн түвшинд үйл явцаа хэрхэн тодорхойлох, улмаар Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжил, хариуцлага, олон улсад өрсөлдөх чадварыг шинэ шатанд гаргахуйц тогтвортой хөгжлийн эхлэл болох юм. Эрдэнэт үйлдвэрт уг стандартыг хэрэгжүүлэх нь зөвхөн байгууллагын хэмжээнд бус салбартаа жишиг загвар, туршлага бүтээхийн зэрэгцээ хариуцлагатай уул уурхайн манлайллыг бий болгоход өндөр үнэ цэнтэй. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод болгоход “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандарт чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид тодорхойлж байна.
 
Сургалт хоёр өдөр үргэлжилж, оролцогчид “Тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө” стандартын шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн өөрийн үнэлгээг хийх аргачлал, анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
erdenet_2508121 Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.