З.Нарантуяа: Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилбэл муу зээлийн хэмжээг зохих түвшинд хүргэн бууруулах боломж бүрдэнэ
2 Өдрийн өмнө
177
З.Нарантуяа: Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилбэл муу зээлийн хэмжээг зохих түвшинд хүргэн бууруулах боломж бүрдэнэ
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай (2025.08.11) танилцав. Монгол Улсын Хөгжлийн банк 2025 онд хууль, эрх зүйн орчноо шинэчлэх, үйл ажиллагаа, засаглалаа сайжруулахад чиглэсэн ахиц дэвшил гаргаад байгаа билээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа ажлаа хүлээж авахад банкны нөхцөл байдал ямар байсан болон балансаа тэнцвэржүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулахын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилтоо танилцуулав.
 
Мөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент”, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн удирдлага үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
 
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа “Активын чанарт сөргөөр нөлөөлж ирсэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлд авах арга хэмжээний талаар тогтоол гаргаж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж байна. Чанаргүй зээлийг төлүүлэх, шинэ эх үүсвэр татах, банкны санхүүгийн үзүүлэлтүүдийн зохистой харьцааг сайжруулахад анхаарч ажилласан. Ойрын хугацаанд өрийн дарамтгүй болсон” тухай уулзалтын эхэнд тодотгов.
 
Одоогийн байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан нь 45.49 болж, чанаргүй зээл 57.38 хувиас 27.4 болж буурах нөхцөл бүрдсэн. Мөн олон улсын зах зээлд гурван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бонд арилжиж, эх үүсвэрээ нэмэгдүүлээд байна.
 
Гүйцэтгэх захирал З.Нарантуяа "Хөгжлийн банк бол эдийн засгийн уналтаас сэргийлдэг институт. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй ч хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдэд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгон, гадаадын санхүүгийн байгууллагуудаас эх үүсвэр татах боломж бий. Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд экспортыг дэмжигч, бодлогын институт байхыг зорьж байгаа. Чанаргүй зээлийг бууруулахад шаардлагатай шийдвэрийг гүйцэтгэх удирдлага гаргахад одоогийн хууль, эрх зүйн орчны хувьд боломжгүй байгаа юм.
Хэрэв Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилбэл энэ оны эцэс гэхэд муу зээлийн хэмжээг зохих түвшинд хүргэн бууруулах боломж бүрдэнэ хэмээн тооцож байна. Монгол Улсын Хөгжлийн банкны хувьд зээл, санхүүжилтийн бодлогыг Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулахаар бэлтгэж байгаа. Ингэхдээ эдийн засагт эерөг нөлөө үзүүлэх, экспортыг дэмжих, инновац, технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих тусгай нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн санал болгох зэргийг тусгасан" гэдгийг тэмдэглэв.
 
Гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн онцолсноор олон улсын жишгээр Хөгжлийн банкнууд нь эдийн засагт эерэг үр нөлөөтэй, томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн тулд дараах үүргүүдийг гүйцэтгэдэг байна.
Тэдгээр нь:
  • Эсрэг мөчлөгт санхүүжилт үзүүлэх: Эдийн засгийн уналт, хямралын үед ч хөрөнгө оруулалтыг тасалдуулахгүй дэмжих
  • Инновац, бүтцийн өөрчлөлтийг дэмжих: Шинэ салбар, технологи, бизнес загварыг бойжуулах
  • Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх: Урт хугацааны хөгжлийн суурь нөхцөл бүрдүүлэх
  • Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх: Жижиг, дунд бизнес, шинээр байгуулагдсан гарааны бизнесүүдийг дэмжих
  • Нийтийн сайн сайхны төлөөх үйлчилгээ үзүүлэх: Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөрөнгө оруулалт юм.

Засаглалаа олон улсын стандартад нийцүүлэхэд олон улсын Хөгжлийн банкнуудыг оновчтой удирддаг туршлагаас хуулийн шинэчлэлдээ тусгах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаагаа Хөгжлийн банкныхан илэрхийллээ. Тодруулбал, дотоод нөхцөлийн хувьд хангалттай хэмжээний хөрөнгөтэй, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах чадамжтай, төслийн санхүүжилтийн нөлөөллийг хэмжих, үнэлэх чадвартай, төсөл хэрэгжүүлэх, хөгжүүлэх чадавхтай байх, санхүүжилт, хөрөнгө оруулалтын хамгийн оновчтой хэрэгслийг сонгох зэргийг үүнд дурдаж болох юм.

Тэгвэл бодлогын орчны хувьд макро эдийн засгийн бодлого тогтвортой, тухайлбал, эсрэг мөчлөгт мөнгөний болон төсвийн бодлого хэрэгжүүлж чаддаг, банкны мандат (зорилт) нь засаг олон солигдсон ч тогтвортой хадгалагддаг байх нь чухал ач холбогдолтой.

Уулзалтын үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Төсөв бага байна гээд санхүүжилтийг хумиад байх бус, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой. Үүнд Хөгжлийн банк голлох үүрэгтэй оролцох хэрэгтэй. Хөгжлийн банк арилжааны банкнуудтай өрсөлдөх бус, тэдгээрийн санхүүжүүлж чадахгүй байгаа, эрсдэл өндөртэй ч эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой томоохон төслүүдэд зээл олгох, ингэхдээ Засгийн газрын хөтөлбөрт тусгасан, УИХ-аас эрэмбэлэн баталсан төслүүдээс сонгож санхүүжүүлдэг байх, засаглалаа сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салж, ТУЗ болон удирдлагуудыг нээлттэй сонгон шалгаруулдаг байх нь чухал.

Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг сэргээх шаардлагатай. Засаглал тогтвортой байж үр дүнтэй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлсэн, оновчтой бүтэц бий болгох, удирдлагын бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагын оролцоог хангахад анхаарах нь зүйтэй” гэж онцоллоо. Мөн тэрбээр банкны үйл ажиллагааг зөв зохистой хангаж, санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулж, хууль, эрх зүйн хувьд оновчтой шинэчлэл хийж ажиллаж байгаа нөхцөлд банкны гүйцэтгэх удирдлагыг дэмжин хамтран ажиллана. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-ын намрын чуулганаар өргөн барихад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.