Бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ
Бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ
Судалгааг МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран 2023 оны 4-12 сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.

МҮХАҮТ-аас “Монголын Бизнесийн Орчин-2023” судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгааг МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран 2023 оны 4-12 сарын хугацаанд үндэсний хэмжээнд хийж, нийт 4606 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Энэхүү судалгааг МҮХАҮТ, МУИС хамтран 3 жил бүр явуулдаг бөгөөд бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтүүдээр судалдаг. Мөн хамгийн олон аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг үндэсний хэмжээний бизнесийн орчны хамгийн том судалгаа юм.

Гол үр дүн:

• 2023 оны Бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн ба үнэлгээг цар тахлын өмнөх 2020 онтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ.
• Судалгааг ерөнхий 5 орчны болон нарийвчилсан дэд орчны 300 орчим үзүүлэлтүүдээр үнэлж үр дүнг нэгтгэдэг. Ерөнхий 5 орчны үнэлгээг авч үзвэл Засаглал хууль эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага буюу 2.40 байна. 
Цаашид төрийн үйл үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзлээ.
• 2020 оноос сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт байна. Цар тахлын нөлөөгөөр бизнесийнхэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь бизнесийн дотоод үйл ажиллагааг сайжруулахад нөлөөлсөн гэж үзэж байна.
• Бизнесийн орчныг сайжруулахад бизнесийн санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн олдоц нөхцөлийг сайжруулах, татварын таатай орчин бүрдүүлэх, бизнестэй холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой ойлгомжтой байх зэрэг нь хамгийн чухал байна гэжээ.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.