Гадаад валютын албан нөөц 2023 оны 11 дүгээр сарын эцэст 4.3 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор, энэ оны эхнээс 0.9 тэрбум ам.доллароор, өмнөх сарын эцсээс 0.3 тэрбум ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт юм. Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд “ЭТТ” онцгой дэглэм тогтоох, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх, хил үнээр борлуулах, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан ашигт малтмалын олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн ил тод байдлыг хангах зэрэг олон арга хэмжээний үр дүн гэдгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцолжээ. Монголбанкны албан ханшаар ам.доллар 3430.52 төгрөгтэй тэнцэж байна.
Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.
Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:
1. Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
2. Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
3. Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
4. Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
5. Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.