Хөгжлийн банк экспортыг дэмжих төслүүдийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна
6 Өдрийн өмнө
295
Хөгжлийн банк экспортыг дэмжих төслүүдийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна

Монгол Улсын Хөгжлийн банк өнөөгийн үйл ажиллагаа болон нөхцөл байдлынхаа талаар сэтгүүлчдэд өнөөдөр (2025.07.25) нээлттэй мэдээлэл өглөө.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, Засгийн газрын бодлогын зорилтууд болон эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх замаар үндсэн бизнесийн үйл ажиллагааг сэргээх, өндөр хүүтэй эх үүсвэрийг дахин санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд арилжихаар ТУЗ шийдвэрлэсний дагуу эхний транч болох 8.5 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, 350 сая ам.долларын “Ди Би Эм-2028” бонд гарган, эх үүсвэр татан төвлөрүүлээд буй.

Тус эх үүсвэрийн 122.3 сая ам.долларыг жилийн 11 хувийн хүүтэй “Ди Би Эм-2026” бондыг дахин санхүүжүүлж, өрийн удирдлага хэрэгжүүлээд байна. Ингэснээр 2026 оны гуравдугаар сард тулгарах өрийн дарамтыг арилгасан бөгөөд эх үүсвэрийн жигнэсэн дундаж хүү 1.5 хувиар буурч,  эх үүсвэрийн дундаж хугацаа 0.6 жилээр нэмэгдэв. Мөн банкны үйл ажиллагаанд мөрдөгддөг тогтвортой санхүүжилтийн зохистой харьцааны үзүүлэлт хангагдаад байна.

Бондын хоёр дахь транчийг зах зээлийн орчин таатай болох үед нэмж гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс уг бондыг худалдан авах сонирхлоо илэрхийлсээр байгаа юм. Цаашид Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрийн төвлөрлийг бууруулах, санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн онцлогт нийцсэн, тэр дундаа “ногоон” эх үүсвэр татан төвлөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Хөгжлийн банк 350 сая ам.долларын “Ди Би Эм-2028” бондын эх үүсвэрээс Засгийн газрын бодлого, хөгжлийн төлөвлөлттэй уялдсан, эргэн төлөлт хийх чадавх нь тодорхой, эдийн засагт үр нөлөө үзүүлэх, улсын экспортыг тэлэх, тэр дундаа эрчим хүч, дэд бүтэц, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг эрсдэл хуваах зарчмаар буюу дотоодын болон олон улсын банк санхүү, хөгжлийн байгууллагуудтай хамтрах зарчмаар санхүүжилт олгохоор төлөвлөж буй. Тус нөхцөл шаардлагын дагуу санхүүжүүлэх боломжтой зорилтот төслүүдийг эрж хайх, үүнд нийцсэн төсөл хэрэгжүүлэгч нартай холбогдох уулзалтыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Одоогоор 5.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилт бүхий 14 төслийн санхүүжилтийг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтран судлахаар төлөвлөж, төслийн үе шат, бэлэн байдалд тохирсон хөгжүүлэлтийн болон санхүүжилтийн судалгаа, шинжилгээг эхлүүлээд байна.

Экспортыг дэмжигч банкны хувьд бүх шатны боловсруулах үйлдвэрлэлд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжин ажиллана. Мөн Хөгжлийн банк нь цаашид зорилтот салбарын төслийг олон улсын банк санхүүгийн байгууллагатай хамтран санхүүжүүлэх, төслийн санхүүжилтийг сонгодог утгаар хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцийн чадавхын асуудал чухал байгаа. Энэ утгаараа мэргэшсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжээчдийг ажлын байранд урьж, сонгон шалгаруулах юм. Хөгжлийн банк цаашид өөрийн зорилго болон улсын эдийн засгийн өсөлт, экспортыг дэмжих төслүүдийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байна.

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.