4 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хоёр компанид, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгож, хоёр компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг, нэг компанийн хувийн хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, нэг компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Мөн урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, банк бус санхүүгийн /гадаад валютын арилжаа, зээл олгох, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, төлбөрийн баталгаа гаргах, факторингийн үйлчилгээ эрхлэх/ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 компанид, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид, үнэт металл, үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 иргэнд олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн 4 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр, 2 компанийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, мөн банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.