-Улсын хэмжээнд инфляц 8.6 хувийг зааж, ам.долларын ханш /Монголбанк/ 3575 төгрөгтэй тэнцлээ-
Эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох гадаад худалдааны оны эхний таван сарын үзүүлэлт гарч, экспортын тоонууд хамгийн ихээр анхаарал татаж байна. Нааштай гэхээр үзүүлэлт энэ дунд алга аа. Товчхондоо эдийн засаг маань хүндэрч, хүнээр бол өвдөж эхэлжээ.
Манай улсын эдийн засаг ихээхэн эмзэг бүтэцтэй. Эрдэс түүхий эдийн гадаад зах зээлийн үнэ үндсэндээ бүхнийг шийддэг. Үнэ унасан бол даалуу мэт уралдан сөхөрч, сэргэх цагт өндийж ирдэг. Энэ удаа ч ийм байдал ажиглагдаж байна. Экспортын агшилт эдийн засгийн хүндрэлээр илрэн гарч, гадаад худалдаа дөнгөн данган эерэг утга илтгэнэ.
Уул уурхай, тэр тусмаа нүүрсний орлогоос үлэмж хамааралтай Монгол орны эдийн засаг амаргүй өдрүүдтэй хэдийнэ нүүр тулжээ. Манай улс энэ онд нүүрсний экспортын биет хэмжээг 80 сая тонноос хол давуулж, 2024 оны амжилтаа эвдэхээр шийдсэн. Гэвч зах зээл тэс өөр байдалд шилжлээ. Нүүрсний үнэ хямд нөхцөлд биет хэмжээ ярих нь чухал биш боллоо.
Нүүрсний үнийн уналт төсвийн орлогын өөдрөг төсөөлөлд цэг тавьж, төсөвт томоос том алдагдал оны эхний хагаст үүслээ. Энэ алдагдал хоног хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр. Нүүрсний үнэ уруудах тусам төлбөрийн тэнцлийн алдагдал зузаарч, улмаар төгрөгийн ханш сулрах, валютын ханш чангарах, нийлүүлэлтийн гаралтай инфляц гаарах, улсын дотоод өр нэмэгдэх зэрэг сорилт, хүндрэлүүд Монголын эдийн засгийг угтан авлаа.
Нүүрсний экспортын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар буурч, тэр хэрээр эдийн засагт хямрал биежих үндэс суурийг тавиад байгаа. Сүүлийн жилүүдэд нүүрсний экспортын биет хэмжээ болон орлогыг Засгийн газар хэт өөдрөг тооцоолж, түүндээ таарсан зардал төлөвлөж ирсэн. Энэ байдал 2025 онд үргэлжлэн давтагдсан ч нүүрсний үнийн уналт бүхнийг өөрчилж эхэллээ. Угтаа зах зээл шинээр бүрдэх Засгийн газарт зах замбараатай төлөвлөх, үрэлгэн бус хэмнэлт рүү шилжих үүрэг даалгавар өгчихлөө.
Хятадын зах зээлд манай улсаас нүүрс нийлүүлэгч компаниуд гарцаа /олборлолтоо/ танаж эхэлсэн. Нүүрсний үнийн уналт үргэлжилсэн хэвээр, зах зээлийн хүлээлт ихээхэн гутранги байдал давамгайлсаар. Ийм нөхцөл байдал нүүрсний орлого дагасан Монголын эдийн засагт ээлжит хямралын томоохон шок үүсгэлээ.
Шинээр бүрдэх Засгийн газарт нэн тэргүүнд 2025 оны төсвөө тодотгох, хөрөнгө оруулалтын зардлаа хасах, үр ашиг багатай, нэн шаардлагатай бус, хугацаа болон хөрөнгө мөнгө ихээр шаардах төсөвт ажлыг хойшлуулах, ширээ сандал, шинэ машин худалдан авахаас татгалзахаас өөр аргагүй болгож байна.
Нүүрсний үнэ өсөх, улмаар төсвийн орлого сайжрах таамгууд алсарч, хүндрэл гэх үг эдийн засагт байр сууриа бат эзэллээ. Компаниуд өндөр дүнтэй худалдан авалт хийхээс татгалзаж, зарим төслөө царцааж байна. Хувийн хэвшлүүд эдийн засгийн хямралд зугуухан бэлдэж, бизнесийн орчинд тодорхойгүй байдал тэллээ.
Монголын эдийн засгийн өсөлт удааширч, 2025 оны эхний улиралд дөнгөж 2.4 хувиар өссөн. Энэ өсөлтийг тэтгэх хөшүүрэг улам хумигдаж байна. Коксжих нүүрсний зах зээлийн өсөлт жолоогоо хумьж, Хятадын гангийн үйлдвэрүүд худалдан авагчаа төрөлжүүлэх бодлогын үр дүнд илүү хямд түүхий эд хэрэглэж байна.
Экспортын үндсэн түүхий эд болсон нүүрсний үнэ 40 гаруй хувийн уналттай байгаа тул орлого сэргэх хүртэл ихээхэн хугацаа орох бололтой. Коксжих нүүрсний үнийн уналтын нөлөөгөөр экспорт агшиж, Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтоор нэвтрүүлэх нүүрсний татан авалт, гарц буурсан дүр зурагтай хэвээр байна.
Эдийн засгийн идэвхгүй байдал 2025 оноор тогтохгүй 2027 он хүртэл үргэлжлэх нөхцөл байдал бүрдээд байна. Эдийн засгийн өсөлт, өндөр зарлага бүхий төсөв ярих, хэлэлцэх хамаг боломж зах зээлд хаагджээ. Харин хүндрэл, хямралыг улсаараа хэрхэн хохирол багатай даван туулах уу гэдэгт эрх баригчид анхаарч, шинэ Засгийн газар хэрсүү бөгөөд илүү их ухаан зарах цаг үе ирлээ...