Санхүүгийн зохицуулах хороо байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих замаар тогтвортой, ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорацитай хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хороо ногоон, тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх хүрээнд 2021 онд ОУСК-тай хамтран ногоон бондын журам, бонд гаргах гарын авлагыг боловсруулснаар дотоодын болон олон улсын зах зээлд ногоон, нийгмийн бондын арилжаа амжилттай хэрэгжсэн. Үүний үр дүнд манай улсын аж ахуйн нэгжүүд нийт 338 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан.
Мөн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад зориулж Байгаль орчин, нийгэм, засаглал болон тогтвортой байдлын тайлагналын гарын авлагыг боловсруулсны зэрэгцээ 2023 онд ОУСК-ийн дэмжлэгтэйгээр Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээний гишүүн байгууллагаар элссэнээр тогтвортой санхүүгийн олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцоог бэхжүүлэх чухал алхам болсон.
Харин энэ удаагийн санамж бичгийн хүрээнд дотоодын компаниудад ногоон бондоос гадна усны экосистем, био олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт, гол мөрөн, усны ай савыг хамгаалах, нөхөн сэргээх бонд, байгаль орчин болон нийгэмд чиглэсэн тогтвортой хөгжлийн дэмжих бонд зэрэг хэдэн хэдэн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Ингэснээр байгаль орчинд ээлтэй санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг нь төрөлжүүлэх боломж бүрдэж байна.
Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн, илүү уян хатан, байгаль орчинд ээлтэй санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, манай улсын санхүүгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах эхлэл тавигдлаа.