Хүнд суртлын индекс: Төрийн үйлчилгээ авахад давхардсан зохицуулалтууд их, цаг хугацаа ихээр алддаг гэв
МҮХАҮТ нь 2004 оноос хойш хоёр жил тутам тогтмол зохион байгуулж ирсэн "Хүнд суртлын индекс" судалгааны үр дүнг танилцууллаа. Энэхүү судалгаа нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн үйлчилгээний хүндрэл, саад бэрхшээл, түүний өртгийг бодит дата дээр үндэслэн тодорхойлох, цаашлаад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэдэг. Энэ удаагийн судалгаа нь НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр “Хүнд суртлын индекс ба өртөг” нэрийн дор илүү өргөн хүрээг хамарч, судалгааны арга зүй, агуулгын хувьд тодорхой дэвшил гарснаараа онцлог аж.
Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноо авчээ. Энэ нь 2021 онтой харьцуулахад бизнесийн орчинд тулгардаг нийтлэг хүндрэл, бэрхшээл хэвээр байгааг илэрхийллээ. Төрийн үйлчилгээ авахад шаардагдах мэдээллийн хүртээмж, ойлгомжгүй байдал, бодлого боловсруулахад бизнесийн бодит оролцоо хангалтгүй, давхардсан зохицуулалтууд ихтэй, цаг хугацааг ихээр алддаг төрийн үйлчилгээний үйл явц зэрэг анхаарах шаардлагатай асуудлууд байгааг судалгааны үр дүн тодруулжээ.