Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргасан нь үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификатыг арилжих болон хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх зохицуулалтын орчныг бүрдүүлсэн явдал байлаа.
Тухайлбал, УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн болох хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалахаас гадна хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсон.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхтэй холбоотой зохицуулалтын орчныг олон улсын жишиг, хөгжиж буй орнуудын туршлага, дотоодын зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулж, хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын орчныг бүрдүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тодруулбал, үнэт цаасны зах зээлд хадгаламжийн сертификатыг арилжихаар гаргаснаар хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг, хөрвөх чадвар сайтай хадгаламжийн сертификат бий болж, банкны салбараас эх үүсвэр татагдах эрсдэл багасах, иргэд, хадгаламж эзэмшигчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкаа сонгох, хадгаламжаа хоёрдогч зах дээр арилжаалах боломжтой болох зэрэг ач холбогдолтой.
Харин хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлснээр гарааны компани болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зээлийн эргэн төлөлтийн өндөр хүүгийн дарамтгүйгээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээл дээрээс бага зардлаар, богино хугацаанд татан төвлөрүүлэх боломжтой болох ач холбогдолтой юм. Цаашлаад дээрх бизнес эрхлэгчдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн эргэлтэд буй бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхийн сацуу ажлын байрны хүртээмж нэмэгдэх зэргээр манай улсын эдийн засагт олон эерэг нөлөөг авчрах юм.
Мөн хуралдаанаар нэг компанид үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэхээр, банк бус санхүүгийн зээл олгох, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид олгохоор тус тус шийдвэрлэв.
Түүнчлэн "Сэндбокс зохицуулалтын орчны журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, журамд сэндбоксод амжилттай туршигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээндхолбогдох зохицуулалтын орчин бүрдтэл түр зохицуулалтыг хэрэгжүүлэх, сэндбоксын оролцогч байгууллага нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг мэдээлэх үүрэгтэй этгээдийн нэгэн адил биелүүлэх болон бусад нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгалаа.