Хөгжлийн банк 2023 онд 500 сая ам.долларын бонд болон 30 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан. Засгийн газрын зүгээс нөхцөл байдлын харгалзан үзэж бодлогын оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10 дугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.
Эргэн сануулахад, Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.