Олон талын эрх ашиг хөндсөн, олон жил ч яригдсан, олон ч Засгийн газрын нүүр үзсэн Монгол, Францын хамтарсан ураны төсөл хөдөллөө. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үйл явц эрчимжиж, УИХ-ын босго давлаа. Монгол Улс цэвэр эрчим хүчний том тоглогч байх боломж ойртлоо. Улсаараа урагшлах нэг боломж. Олон жил дуншсан, олон ч сонгууль “үзсэн”, олон ч эрсдэл туулсан ураны төсөл эцэслэгдэх шатандаа ийнхүү тулж ирээд байна.
126 гишүүнтэй парламент Хөрөнгө оруулалтын анхны гэрээгээ /олон улсын гэрээ/ соёрхон батлах гэж байна. Засгийн газраас байгуулагдсан эрх бүхий Ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай тохиролцсон гэрээгээ Монгол төрийн эрх барих дээд байгууллага руу шилжүүлсэн. Гэрээний "хувь заяа" УИХ-д ирсэн гэсэн үг. Бүх ард түмний төлөөлөл хэрхэн шийдвэрлэхээс ураны төсөл, улсын ирээдүй шийдэгдэх хүлээлттэй. Энэ парламентын хувьд түүхэн шийдвэр байх юм.
Монгол Улс шинэ төрлийн ашигт малтмалыг олборлож, боловсруулж, үр өгөөж хүртэх түүхэн цаг үе айсуй. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, жонш гэсэн цөөн хэдэн ашигт малтмал дотор эргэлдэж байсан эдийн засагт шинэ бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Уул уурхайн салбар дахь орлогын бүтэц төрөлжиж, тодорхой зах зээлд өндөр үнээр зарах стратегийн бүтээгдэхүүнтэй манай улс болно оо гэсэн үг. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ баталснаар дээрх боломж, нөхцөл бүрэн баталгаажих юм.
Төсөл ийнхүү урагшилснаар нийгэм, эдийн засгийн үр ашиг, өгөөжтэй хамт олон улс дахь манай орны байр суурь бэхжих юм. Оюутолгой төслөөрөө олон улсад танигдсан Монгол Улс ураны төслөөрөө эчнээ бас танигдах юм. Эдийн засгийн өргөн агуулгаараа олон талын ач холбогдолтой ураны төсөл хөрөнгө оруулалтын орчинд эерэг мессеж болж, бид алдсан нэр хүндээ эргэн олж авах юм.
Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж буй Зөөвч овоо нь нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдох орд. Эх оронч хүний нүдээр харах юм бол геополотик нь бүр ч том цар хүрээг хамрах юм. Тиймээс л энэ төслийг царцаах, гацаах, зогсоох, сааруулах ажиллагаа үе үе гадна, дотнын "захиалга"-аар хийгдэж, өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Үнэн, худлыг бид ялгаж, салгаж эхэлж байна. Дэнсэлж байна. Худалч, хуурамч, бусдын гар хөл болсон улстөрчдийг ч таньж авч байна. Өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын эрх ашгийг улдан эсэргүүцдэг, "Монгол дээл"-ээ өмссөн ч Монголын төлөө цохилох зүрхгүй хүмүүсийг ард түмэн олоод харчихлаа. Тэд л өнөөдөр ураны төслийг унагах нүх малтаж байна.
Ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улс Францын талтай байгуулснаар бидэнтэй бизнес хийх, түншлэх, хамтрах, дараа дараагийн төслүүд уул уурхай болон бусад салбарт хөдлөх эсэх шийдэгдэх юм. Европын ноу хау, менежмент манайх руу нэвтрэх юм. Хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхох, тоох төдийгүй их гүрнүүдтэй холбогдох гадаад харилцаанд ч ураны төсөл цоо шинэ нөхцөл үүсгэх юм. Өөрөөр хэлбэл, бид дэлхийтэй харилцах давуу талаа нэмж байна гэсэн үг. Том гүрнүүдтэй том ярих "хөзөр" атгах юм. Гуравдагч орны хоёр дахь хөрөнгө оруулалт гэрээгээр баталгаажсанаар дэлхийн уран үйлдвэрлэгчдийн эгнээнд Монгол Улс зэлээ татах юм.
Франц улстай улс төрийн түвшинд тохиролцсон “Орано Майнинг”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ нь манай улсын хувьд барууны хөрөнгө оруулагчтай байгуулах хоёр дахь гэрээ. Оюутолгой Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойших /гуравдагч хөрштэй байгуулах/ анхны гэрээ гэсэн үг. Уг төсөл дээр Оюутолгойн алдааг давтахгүй гэж Монгол Улс үзэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал 34 хувь эзэмших хуулийн заалтыг давуу эрхийн хувьцаа, тусгай роялтигаар орлуулахаар болсон юм.