Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард захирамж гарган Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ХХК-иудын 49%-ийн маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилготой ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэ үйл явдал нь улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, итгэлцлийг сэргээх чухал алхам болж байна.
Ажлын хэсгийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар гишүүнээр ажиллах болсон нь асуудлыг хууль эрх зүй, санхүү, эдийн засгийн өргөн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр дараах үр дагаврууд гарахаар байна.
Маргааныг шийдвэрлэх: Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет зэрэг төрийн өмчит томоохон компаниудын 49%-ийн эзэмшлийн асуудал нь олон жилийн турш үргэлжилж буй. Энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх нь Монгол Улсын өмчийн тодорхой байдлыг хангах, төрийн өмчит компаниудын ил тод байдлыг сайжруулахаас гадна төсвийн орлогыг бодитоор нэмэгдүүлнэ.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх: Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг “Оюу толгой” ХХК-тай холбоотой үүссэн татварын маргааныг ч шийдвэрлэх юм. Оюу толгой төслийн татварын маргааны түдгэлзүүлсэн хугацаа 2023 оны эцэст дууссан ч уг асуудал нэг тийш болоогүй байгаа. Тэгвэл үүнийг шийдсэнээр 2025 оны 3-р сард Канад Улсын Торонто хотод болох PDAC форумын үеэр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үүссэн маргаануудыг дуусгавар болсныг зарлах төлөвтэй байна. Энэ нь Монгол Улсыг хөрөнгө оруулалтын найдвартай түнш гэдгийг олон улсад батлах чухал боломж юм.
Түүнчлэн олон улсын уул уурхайн томоохон хөрөнгө оруулагчдын дунд итгэлийг сэргээснээр, Монгол Улсад орж ирэх шууд хөрөнгө оруулалт өсөх магадлал өндөр. Жишээлбэл, 2023 онд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 2021 оноос 33%-иар өссөн байдаг. Энэ салбарын маргааныг эцэслэснээр хөрөнгө оруулалтын өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх боломжтой.
Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө: Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын үйл ажиллагааг тогтвортой болгох нь эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжилд эергээр нөлөөлөх өндөр ач холбогдолтой. Эрдэнэт үйлдвэр 2023 онд улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого, Монголбанканд 1.1 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц төвлөрүүлснээс харахад, эдгээр компанийн зохистой менежмент нь улсын төсвийн орлогыг тогтвортой хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Цаашлаад, Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компанийн асуудлыг шийдвэрлэснээр эдгээр компаниудын ашигт ажиллагаа сайжирч, дотоодын үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэх боломжтой. Энэ бүхэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад эерэг нөлөө үзүүлнэ.
Иймд, Ерөнхий сайдын ажлын хэсэг байгуулсан шийдвэр нь өнөөгийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төдийгүй, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг урт хугацаанд тогтвортой, итгэл даахуйц байлгах үндэс суурийг тавьж байгаагаараа онцлог юм.