Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын ээлжит “Өглөөний уулзалт”-ын зочноор Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга оролцлоо. Олон жил орхигдож явсан боомтын хөгжлийг хариуцсан сайдаар хоёр дахь удаагаа тэрээр томилогдож, хамтарсан Засгийн газарт ажиллаж буй.
Боомтуудаа хөгжүүлэх нь эдийн засгийг тэлэх, бизнесийн орчныг сайжруулах, худалдааг дэмжих, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дэмжих чухал ач холбогдолтой. Тиймээс Засгийн газар нэн тэргүүний зорилт болгож, энэ хүрээнд гол боомтуудын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд эрчимжиж, хүчин чадал нь нэмэгдсэн.
Тухайлбал, Замын-Үүдийн өргөтгөж шинэчилсэн цогцолбор ашиглалтад орсон бол Боршоо боомтын хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 хүн, 1000 автомашин зорчих боломж бүрдсэн. Алтанбулаг боомтын олон улсын жишигт нийцүүлэх шинэчлэл гээд “Боомтын сэргэлт” бодитой гарч эхэлсэн. Ханги болон Шивээхүрэн боомтод төр, хувийн хэвшлийн түншлэлээр төмөр зам, олон төрөлт тээврийн терминал, ухаалаг тавцант тээвэр зэрэг дэд бүтцийг байгуулж, тээвэр явагдаж байгаа. Эндээс харахад богино хугацаанд хамгийн их өөрчлөлт мэдрэгдсэн салбар гэж дүгнэж болох юм.
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Боомт бол эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх хамгийн том үүрэгтэй институт юм. Бодлогоос хоцордог, эзэнгүй шахам энэ салбар одоо асуудлаа төвлөрүүлдэг, боловсруулдаг, төлөвлөдөг, гүйцэтгэдэг болж, боомтын менежментийн чадавхийг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулахаар зорин ажиллаж байна. Бид Боомтын хуулийн төслийг боловсруулсан. УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа. Үүгээр эрх зүйн шинэчлэлийг эхлүүлнэ. Эдийн засгийн үр ашгаар нь боомтуудаа эрэмбэлж, олон улсын стандартад хүргэх ажил нэлээд эрчимтэй яваа. Хуулийн төсөлд ч тодорхой асуудлыг онцгойлон авч үзсэн. Боомт өөрөө өөрийгөө тэтгэдэг загварт шилжих ёстой. Энэ нь олон улсын жишиг рүү бид зорих цаг болсон. Хуулийн төсөлд ч энэ агуулга, үзэл баримтлал тусгалаа олсон. Боомтын менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэдэг нь батлагдсан, тэр тусмаа хувийн хэвшлийнхнийг түлхүү дэмжих стратегид шилжих хэрэгтэй. Мэдээж хил, гааль хяналтаа өдөр тутам тавиад явна. Боомтын өдөр тутмын төлөвлөлтөөс эхлээд бүх менежментийг нь тухайн хувийн хэвшил аваад явах тэр зарчим руу орно. Боомтууд хоорондоо өрсөлдөж, бүс нутгийн хөгжилд ч энэ хэрээр том хөшүүрэг болно. Боомттой аймаг, сум, тосгонд давуу талыг олгох нь чухал. Тэгж байж боомтын шинэчлэл илүү бодитой хэрэгжих юм" гэв.
Улсын хэмжээнд 39 боомтоос 24 нь үйл ажиллагаа явуулж, 9 боомтоор экспорт хийгдэж байна. 39 боомтын 6 нь төмөр зам, 27 нь авто зам, 6 нь агаарын боомт юм. Боомт бол бизнес. Энэ утгаараа бизнесийн бүхий л үйл ажиллагааг дэмждэг бүтэц байх учиртай. Өөрийн орлогоор боомт санхүүждэг, үйл ажиллагаагаа явуулдаг зарчим руу эрчимтэй шилжих нь төрийн хүнд суртлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх олон талын эерэг үр дагавартай билээ.