М.Энхсайхан: Хууль гарснаар гайхамшиг гэнэт тохиож, хөрөнгө оруулагчид гүйлдээд ирнэ гэж бид горьдох хэрэггүй
2024.12.11
192
М.Энхсайхан: Хууль гарснаар гайхамшиг гэнэт тохиож, хөрөнгө оруулагчид гүйлдээд ирнэ гэж бид горьдох хэрэггүй

-Гаднын хөрөнгө оруулалт татах орчны талаасаа Монгол нэг их муу орон ч биш, бас сайн орон ч биш. Ер нь саарал түвшинд л явж байгаа-

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн ээлжит өглөөний уулзалт "Хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулалт" сэдвээр зохион байгуулагдсан юм. Энэхүү уулзалтад Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан уригдан оролцсон билээ. Хамтарсан Засгийн газар өнөө Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, зарчмын тодорхой өөрчлөлтүүдийг хийх хүлээлттэй байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болгон өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдэгт онцлон анхаарч, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд харьцангуй давуу талыг нэмэгдүүлэх, урамшууллын зохих бодлогуудыг тусгахаар хэлэлцэж байна.

Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөл болгон өөрчилж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг, бодлогын зөвлөмж гаргадаг, чухал шаардлагатай бодлогуудыг зангиддаг байгууллага болгох, уг зөвлөлд хувийн хэвшлийн, бизнесийн танхимуудын төлөөллүүд багтах зэрэг төслийн түвшинд томоохон зарчмын өөрчлөлт яригдаж байна.

Манай улс руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрс буурсан төдийгүй хөрөнгө оруулалтын орчин ч ихээхэн муудсан дүр зурагтай байгаа юм. Ийм цаг үед эрх зүйн орчны шинэчлэл эхэлж байна. Хөрөнгө оруулалтын орчин, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтын хуультай холбогдуулан Ерөнхий сайд асан М.Энхсайханы байр суурийг бид сонссон юм. 

Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль гарснаар гайхамшиг гэнэт тохиож, хөрөнгө оруулагчид гүйлдээд ирнэ гэж бид горьдох хэрэггүй. Энэ дөнгөж л бидний авч чадах эхний алхам. Бүхэлдээ гаднын хөрөнгө оруулагчдад аятай нөхцөл үүсгэх, бизнесийн орчинг эрүүл болгох чиглэлээр хийж байгаа эхний алхам гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гадаадын хөрөнгө оруулалтын хууль гаргах шаардлагатай байна вэ. Энэ талаас нь аваад үзвэл, дэлхийн 200 гаруй орон байна. Тэд ямар нэгэн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль, тогтоомж гаргаж ажилладаг. Тэрнээс 120 орчим нь тусгайлсан нэртэй гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэж гаргасан байна. 60-аад орон өөр бусад хууль, тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Манай хоёр хөршид мөн адил Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нь байгаа. Бидэнд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль байгаагүй юм байна. Энэ хэрэгцээтэй болсон юм байна гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй болов уу. Гаднын хөрөнгө оруулалт татах орчны талаасаа Монгол нэг их муу орон ч биш, бас сайн орон ч биш. Ер нь саарал түвшинд л явж байгаа. Учир нь дэлхий нийтэд ковид болоод хөрөнгө оруулалт ерөнхийдөө буурсан хандлагатай. Хөрөнгө оруулагчид өөрсдийн бүс нутагт явцуурсан байдалтай, хөгжилтэй орны хөрөнгө оруулагчид хөгжилтэй улс орондоо л хөрөнгө оруулахаас бус хөгжиж буй оронд хийх хөрөнгө оруулалт нь буурсан дүр зурагтай байна. Тийм учраас Монголд гаднын хөрөнгө оруулалт буурсан, уур амьсгал муу байгаа нь зөвхөн бид нар өөрсдөө буруутай биш. Ер нь дэлхий дээр болсон үзэгдэл. Тэгэхээр ковидын дараа дэлхий ертөнц ямар нэгэн байдлаар сэргэж, босож ирэхийг эрмэлзэж байна. Энэ сэргэж босож ирж байгаа хөдөлгөөн дээр бид нар гадаадын хөрөнгө оруулалтын хууль гаргаж, илүү өөрлүүгээ татах чадвараа нэмэх гэж оролдож байгаа оролдлого гэж харж байна" гэв. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.