Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон ХасБанк ХК (ХасБанк) Монгол Улсад уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрүүдэд (БЖДҮ) санхүүжилт олгох зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн багцад гарын үсэг зурлаа.
Энэхүү багц нь АХБ-ны 40 сая ам.доллар, Ази тивд хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгал ба байгалийн сан буюу КАНПА-гийн 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэж байна. Санхүүжилтийн багцын дор хаяж 70% нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг бууруулах төслүүдэд зориулагдах бөгөөд үлдсэн хэсэг нь олон салбарын БЖДҮ-ийн санхүүжилтэд, тэр дундаа эмэгтэйчүүдийн эзэмшдэг болон удирддаг бизнесүүдэд зээл олгоход зориулагдана.
"Ногоон санхүүгийн зах зээл нь Монгол Улсын цэвэр тэг зорилтыг дэмжих тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй" гэж АХБ-ны Зах зээлийн шийдэл хариуцсан дэд ерөнхийлөгч Баргав Дасгупта хэлээд "Ази, Номхон далайн уур амьсгалын банкны хувьд АХБ эдгээр чухал бизнесийг эрхэлж буй хүмүүсийн амьжиргааг дээшлүүлж, өргөн хүрээний эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор, мөн Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хамгаалахад туслах зорилгоор ХасБанктай хамтран ажиллаж байна" хэмээн тодруулав.
Уур амьсгалын эмзэг байдал, хүлэмжийн хийн өндөр ялгаруулалттай нүүр тулж буй Монгол Улсын хувьд ногоон санхүүжилтийн асуудал улам бүр чухлаар тавигдах болсон. Ногоон зээл олгох зах зээл нь тус улсад дөнгөж хөгжиж эхэлж байгаа бөгөөд ногоон зээл нь нийт банкны зээлийн багахан хувийг эзэлж байна. Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд энэ зах зээлийг өргөжүүлэх зорилт тавьж байгаа бөгөөд энэхүү зорилт болон бусад уур амьсгалын зорилтдоо хүрэхэд хувийн хэвшлийн оролцоо шаардлагатай байгааг онцолж байгаа юм.
БЖДҮ нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бүртгэлтэй бизнесүүдийн 70 гаруй хувийг эзлэхийн зэрэгцээ ажиллах хүчний ихээхэн хувийг бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч тэд зээл авахад, тэр дундаа ногоон стандартад нийцсэн хөрөнгө оруулалтад зээл авахад хүндрэлтэй тулгардаг. БЖДҮ-ийн уур амьсгалд ээлтэй, хүртээмжтэй санхүүжилт авах боломжийг нэмэгдүүүлэх нь стратегийн энэхүү чухал салбарын дархлааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орны тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих юм. Мөн АХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих шинэ банкны бүтээгдэхүүн санал болгох замаар ХасБанкыг жендэрийн тэгш байдлыг дэмжихэд нь туслалцаа үзүүлнэ.
"ХасБанк нь тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын уур амьсгалын тэсвэрлэх чадварыг сайжруулахад хувь нэмэр оруулж буй бизнесүүдийг дэмжих чиглэлээр тууштай ажиллаж байна" гэж ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав хэлээд "Энэхүү хамтын ажиллагаа нь бидэнд урт хугацааны, хямд өртөгтэй санхүүжилтийн сонголтуудыг үйлчлүүлэгчиддээ санал болгох боломжийг олгосноор илүү олон ногоон бизнесүүд болон БЖДҮ-үүдийг хөгжүүлэхэд дэмжлэг болно. Мөн цаашлаад Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй эдийн засагт хувь нэмэр оруулна" хэмээн тодруулав.
2024 онд байгуулагдсан КАНПА нь Канадын Засгийн газрын 360 сая канад долларын санхүүжилттэй АХБ-наас удирддаг итгэмжлэгдсэн сан юм. Энэхүү сан нь Азийн хувийн хэвшлийг дэмжих Канадын уур амьсгалын 2-р сан (CFPS II) болон түүний өмнөх 1-р сангийн амжилтуудад тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. КАНПА нь Ази тивд хэрэгжиж буй уур амьсгал болон байгальд суурилсан шийдлүүдэд төвлөрсөн хувийн хэвшлийн төслүүдийг дэмжихийн зэрэгцээ жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилготой ажилладаг. Энэхүү төсөл нь КАНПА-ийн санхүүжилттэй анхны төсөл юм.
2001 онд байгуулагдсан ХасБанк нь Монгол Улсын тэргүүлэгч банкуудын нэг бөгөөд тогтвортой санхүүжилт, БЖДҮ-ийн хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч ажилладаг. ХасБанк нь 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг 72 салбараараа дамжуулан 1 сая гаруй үйлчлүүлэгчиддээ хүрч ажилладаг.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.