Мухар төмөр замаа эдийн засгийн коридор болгох боломж
6 Өдрийн өмнө
573
Мухар төмөр замаа эдийн засгийн коридор болгох боломж

Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл бий. Үүний эхэнд нь Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл эрэмбэлэгдэж байгаа. Уг төслийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар хоёр улсын Засгийн газар төлөвлөж, ажлын хэсгийн уулзалт, яриа хэлэлцээ ид өрнөж байна. Гэрээний нөхцөл тохирох олон хувилбар яригдаж, УИХ-д Засгийн газар танилцуулах, хэлэлцэх өдрүүд ойртож буй. 

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ НЭМЭГДЭНЭ...

Тавантолгойн нүүрсийг брэнд, "Эрдэнэс Тавантолгой"-г хүчирхэг компани болгох, ордыг бүрэн эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар 1072 хувьцааны үнэ цэн, өгөөж, ногдол ашгийг эрс нэмэгдүүлэхэд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл мега нөлөө үзүүлэх юм. Товчхондоо, 1072 хувьцаатай иргэдийн хүртэх ногдол ашиг өснө өө гэсэн үг.

Хоёр боомтыг холбох төмөр замын төсөл төлөвлөж буй цаг хугацаандаа хөдөлж, ашиглалтад орсноор "Эрдэнэс Тавантолгой" олон улсын хөрөнгийн биржид IPO хийх, хөрөнгө оруулагчдыг сонирхлыг татах, дэлхийн санхүүгийн зах зээлд бүртгэлтэй компани болох үүд хаалга ч нээгдэх юм. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь түүхэндээ хоёр удаа ногдол ашиг хуваарилсан байдаг. 

Төслийн үр дүнд Тавантолгой ордын нүүрсний экспорт 70 сая тонноос буурахгүй төдийгүй жилийн нэмэлт борлуулалтын орлого нь 1.5 тэрбум ам.доллараас дээш байх урьдчилсан тооцоолол байна. Одоогоор Монгол Улсын нийт автотээврийн боомтын хүчин чадал 85 сая тонн бөгөөд төмөр замын хилийн боомтууд /Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал/ ашиглалтад орсноор 80 сая тонноор нэмэгдэж, жилд экспортлох хүчин чадал 165 тонн хүрч нэмэгдэхээр байгаа юм. Ингэснээр боомтын хил дамнасан төмөр замын тээврээр ойролцоогоор 4 орчим тэрбум ам.долларын орлого олох боломж бүрдэх тооцоолол байна. 

МОНГОЛ НҮҮРС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ ОНОО АВЧРАХ ТҮНШЛЭЛ...

Хятадын нүүрсний зах зээлд өнгөрсөн хугацаанд олон тоглогч төрөн гарч, өмнөд хөрш рүү нүүрсээ нийлүүлэх өрсөлдөөнд ОХУ, Австрали, Индонез том байр суурь эзэлж, төр, хувийн хэвшлийн компаниуд нь урт хугацааны түншлэл тогтоож амжсан байна. Өөрөөр хэлбэл, бид зах зээлээ алдаж, том тоглогч байх боломжоо үргээж ирсэн гэсэн үг. Бидний том давуу тал зах зээлтэйгээ хамгийн ойр. 

Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хамгийн өндөр буюу 70 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жилийнх 78, ирэх жил 83 сая тонн руу нүүрсний экспортоо авчирна гэсэн тооцооллыг Сангийн яам гаргасан. Хэдийгээр жил ирэх тусам нүүрсний экспортын хэмжээгээ манай улс өсгөж байгаа хэдий ч тээвэрлэлтийн бүхий л нөөц боломжоо бүрэн дайчлаад энэ дүн 85 сая тонноос хэтэрч чадахгүй. Авто тээврийн хүчин чадлын дээд хязгаар нь энэ. Тиймээс ганц найдвар нь Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам болоод буй. 

May be an image of text

Гашуунсухайт-Ганцмодыг төмөр замаар холбосноор 2030 оноос нүүрсний эскспорт жил бүр 20 сая тонноор өсөх, ингэснээр эдийн засгийн өсөлтийг жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдүүлэхээр байна. Хоёр боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш түвшинд байлгах зэрэг давхар, давхар нийгэм, эдийн засгийн өрнүүн ач холбогдол яригдаж байна. 

Монгол нүүрсний өрсөлдөх чадварт оноо авчрах урт хугацааны түншлэлийг манай улс "Чайна Энержи" групптэй эхлүүлэхээр хүлээгдэж байгаа нь урд хөршийн зах зээлд байр сууриа улам баталгаажуулах нэг талын боломж. Энэ утгаараа нүүрсний өрсөлдөөнт зах зээлд Монголын жин нэмэгдэнэ гэсэн үг. Нүүрс тээврийн өртөг зардал, уурхайн олборлолт болон боомтын хүчин чадлаас болж  экспорт боогдож, өрсөлдөх чадвараа алдаж ирсэн. Тэгвэл Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр манай эдийн засагт шинэ он тоолол эхлэх юм.

Нүүрс, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачааг их хэмжээгээр тээвэрлэх нь эдийн засгийн үр ашигт тооцогддог. Их хэмжээгээр тээвэрлэхтэй хамт нэг тонн нүүрсний өртөг зардал буурна гэсэн үг. Төмөр зам, далайн тээвэр л нүүрсийг илүү өрсөлдөх чадвартай байлгаж байгаа. Австрали, ОХУ, Индонез эдгээр тээврээр Хятадын нүүрсний зах зээлд жин дарж байна. 

ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЭРЧИМЖИНЭ

Мухар төмөр замаа одоо эдийн засгийн коридор болгох эсэхээ манай улс тогоон дотроо шийдэх цаг үе ирж байна. Түүхийг давтах уу эсвэл дахин олдож байгаа сүүлчийн боломжоос зуурах уу гэдэг сонголт УИХ, Засгийн газарт ирлээ. Манай улсын хувьд урд хөрштэй 69 жилийн тэртээ Замын-Үүд-Эрээн боомтоор төмөр замаар анх холбогдсон. Тэгвэл хоёр дахь нь Гашуунсухайт-Ганцмод боомт болоход тун ойрхон байна.

Хоёр боомтыг холбох төсөл 10 гаруй жил гацаанд орж, алдагдсан боломжийн өртөг нь олон их наядаар тоологдох болсон. Манай улс л гэхэд гацаанаас үүдэн 18 тэрбум ам.долларын орлогоо алдсан байдаг. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төсөл урагшилж, эдийн засгийн эргэлтэд орж байж л дараа дараагийн төмөр замын хил холболтын төслүүд хөдлөх хүлээлттэй байгаа юм. Хятадын талаас ч эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа нөхцөл нь бүрдсэн бусад боомтуудыг төмөр замаар холбох байр суурийг байнга илэрхийлсээр ирсэн. 

Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгчээс нүүр буруулах уу, эсвэл харилцан ашигтай бизнес тэдэнтэй хийх үү гэдгээс хоёр улсын худалдааны хэмжээ ойрын хугацаанд 20 тэрбум ам.доллар давах зорилт бас шалтгаална. Хятадтай хамтран хэрэгжүүлэх бусад төслүүд ч эрчээ авах эсэх нь хамаарахаар байна. Монгол, Хятадын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. 

"ЧАЙНА ЭНЕРЖИ" ГЭЖ ХЭН БЭ...

No description available.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтад 3 хүртэлх жилийн хугацаа шаардлагатай бөгөөд энэхүү нүсэр ажлыг манай улстай түншлэн гүйцэлдүүлэх нь Хятадын төрийн өмчит “Чайна Энержи" групп юм. Тус групп нь БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэрлэлийн салбарт аварга том тоглогч. Дэлхийн ТОП 500 компанийн эхний 100-д тогтмол шалгарч ирсэн. 

“Чайна Энержи” нь Монголоос нүүрс тээвэрлэхэд зориулж 2015 онд Гашуунсухайт төмөр замыг нарийн царигаар барихдаа 7.1 тэрбум юань зарцуулж, өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум юанийн алдагдал хүлээж. Хэдий цаг хугацаа ихээр алдсан ч хил дамнасан төмөр замын төслөө хоёр тал нэг зургаар, Хятадын талаас шалгарсан нэг гүйцэтгэгчээр хийлгэхээр тохиролцоонд хүрч, зураг төсөл нь эцэслэгдээд буй. 

Тавантолгойн уурхайд урт хугацааны хамтрагч байхаар зорьж буй "Чайна Энержи" группын тээврийн төмөр замын хүчин чадал нь 717 сая тонн, эзэмшдэг төмөр замын урт нь 2400 км. 2017 онд Хятадын “Гуодянь” корпораци болон “Шэнхуа групп” ХХК-ийг нийлүүлснээр "Чайна Энержи" групп компанийн түүх эхэлдэг. Нүүрс үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 720 сая тонн. Тэдний хувьд Ганцмод боомт хүртэл тавьсан төмөр замаа эдийн засгийн эргэлтэд оруулахад Тавантолгойн нүүрс хамгийн том бараа. Түүнээс нүүрсгүй болоод эсвэл Монголын нүүрс л хамгийн чанартай, илчлэг өндөр учраас авах сонирхол нь дийлээд байгаа юм алга.

Харин манай улсын хувьд Хятадын зах зээлд байр сууриа хадгалан бэхжүүлэх, одоо байгаа дүнгээс хэд дахин илүү их нүүрс борлуулах хэрэгцээ, шаардлага цаг үргэлж байсаар ирсэн. Нүүрстэй орнууд ч мөн адил далай тэнгис гаталж, эх газраар олон мянган км туулан байж нүүрсээ Хятадын зах зээлд зарж буй. 

"Чайна Энержи" групп нь нүүрсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын 17 компани, 88 нүүрсний уурхайтай. Нийт хүчин чадал нь жилд 780 сая тонн бөгөөд Шаньси, Шэньси, ӨвөрМонгол, Нинся, Шинжаанд уурхайтай. Үүнээс Шэньдун, Мэндун, Шинжаан, Нин-Угийн бүсэд 100 сая тонноос дээш хүчин чадалтай дөрвөн уурхайн бүстэй, эдгээр нь Хятадын эрчим хүчний хангамжийн чухал тулгуур гэж үздэг. Нүүрсний уурхайг ухаалагжуулах ажил зогсолтгүй явуулж, ногоон уул уурхайг шинэ жишиг стандартаар хөгжүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож байна.

No description available.

Нүүрсний үйлдвэрлэлээр зогсохгүй "Чайна энержи" нь эрчим хүчний том гигант. Цахилгааны нийт суурилагдах хүчин чадал нь 340 сая киловатт, үүнээс сэргээгдэх эрчим хүчний суурилагдах хүчин чадал нь 124 сая киловатт байна. Тус групп нүүрсний олборлолт, цахилгаан үйлдвэрлэл, дулаан хангамж, төмөр замын ачаа тээврийн хэмжээгээрээ Хятад улсын жилийн хэрэгцээний 1/6, 1/7, 1/8, 1/9 хувийг хангаж байна. Нүүрсний цахилгаан станцууд болон салхин цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлаараа "Чайна энержи" дэлхийд тэргүүлж байна.

ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ХӨТЛӨХ ГАРЦ...

Манай улсын хувьд нүүрсээ зах зээл рүү хүргэх мөнхийн амбийцтай. "Чайна энержи" группын хэмжээнд тээврийн салбар нь төмөр зам, боомт, далайн тээвэр гэсэн гурван үндсэн чиглэлээс бүрддэг юм байна.

Төмөр замын ашиглалтын урт нь 4266 км, үүнээс нэгтгэсэн төмөр замын урт 2408 километр замаараа дотоодын олон үндсэн шугамтай холбогдсон байна. Хойд талаараа Монгол Улстай хил залгаа Ганцмод боомттой, баруун талаараа Шаньси, Шэньси, ӨвөрМонголын томоохон эрчим хүчний баазтай, зүүн талаараа Тяньжин, Хуанхуа, Чинхуандао зэрэг боомтуудтай, Шаньдун мужийн төв хэсэг рүү чиглэсэн нүүрсний тээврийн чухал замуудыг "Чайна энержи" тус тус эзэмшиж байна.

No description available.

Зориулалтын 3 боомттой, нийт ачаа тээвэрлэх хүчин чадал нь 290 сая тонн. Үүнээс Хуанхуа боомт, Тяньжин боомт нь Хятадын хойд бүсийн нүүрсийг далайгаар тээвэрлэх чухал боомтууд юм байна. Харин Жухай боомт нь хойд бүсийн нүүрсийг өмнө зүг рүү тээвэрлэх, гаднаас импортлох нүүрсний логистикийн төв бөгөөд усан онгоцны тоо 65, нийт ачааны багтаамж 3.65 сая тонн, далайн эргийн болон голын эргийн эрчим хүчний үйлдвэрүүд, нүүрсний агуулахуудад нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлдэг боомт аж.

Тавантолгойн нүүрсийг Хятадын гүнд хүргэх, тэр тусмаа гуравдагч зах зээл рүү арилжаалан илүү үнэ цэн нэмэхэд "Чайна энержи" группын төмөр замын сүлжээг ашиглах боломж ч эндээс харагдаж байгаа юм. Хятадын баруунаас зүүнд хүргэх нүүрсний тээврийн гол шугам болон хойд нутгийн нүүрсийг өмнөд рүү дамжуулах үндсэн гарцыг тэд эзэмшиж, эдийн засгийн мөнгөн урсгалыг төмөр замаар дамжуулан удирдаж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.