Хас банкны нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 96.5 төгрөгт хүрэв
Хас банкны нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 96.5 төгрөгт хүрэв
Хас банкны татварын дараах цэвэр ашиг 29.4 хувиар өсөж, 101.6 тэрбум төгрөгт хүрэв

Хас банкны удирдлагууд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубт 2023 оны гуравдугаар улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Нээлттэй хувьцаат компани болсон Хас банкны татварын дараах цэвэр ашиг жилийн өссөн дүнгээр 101.6 тэрбум төгрөгт хүрч, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 96.5 төгрөгт хүрлээ. Өнгөрсөн жилийн мөн үеэс цэвэр ашиг 29.4 хувиар өссөн байна. 

Банкны өөрийн хөрөнгийн өгөөж оны эхний есөн сарын байдлаар 25.5 хувийн өсөлттэй гарчээ. 

Зээл, санхүүгийн түрээсийн багц оны эхнээс 30 гаруй хувийн өсөлт үзүүлж, 2.6 их наяд төгрөгт хүрсэн нь татварын дараах цэвэр ашгийг дэмжсэн байна. Банкны гол эх үүсвэр харилцах, хадгаламж жилийн эхнээс 3.5 хувиар өсөж, 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Гадаад эх үүсвэр мөн л өсөлтэй гарч, 286.3 сая ам.долларт хүрсэн байна.

Банкны найдвартай байдлыг илэрхийлэх нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ 19.9 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 35 хувийн өсөлттэй тайлант хугацааг өндөрлүүлжээ. Нийт зээл болон санхүүгийн түрээсийн багцад эзлэх чанаргүй зээлийн харьцаа 3.2 хувь байна. Энэ нь системийн дундаж үзүүлэлтээс даруй хоёр дахин бага үзүүлэлт аж. 

Улсын хэмжээнд инфляц 10.1 хувь, төв банкны бодлогын хүү 13 хувьтай байгаа. Ийм орчинд дээрх үзүүлэлт банкны секторт эерэг үзүүлэлт юм. 

Хас банк нь нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүүгүй хувь эзэмших тухай хуулийн шаардлагыг эцсийн өмчлөгчийн хувьд хангаж буй банкны системийн хэмжээний цорын ганц тоглогч. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.