Зэсийн үнэ энэ оны IV улиралд түүхэн дээд хэмжээндээ хүрэх, тодруулбал нэг тонн нь дунджаар 10,265 ам.долларт хүрэх таамгийг Fastmarkets-ийн шинжээчид дэвшүүллээ. Энэхүү өсөлтийг бүрдүүлэхэд АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгээ зөөлрүүлсэн шийдвэр, БНХАУ-ын эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ голлох нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
БНХАУ эдийн засгаа идэвхжүүлэх арга хэрэгслийн хүрээнд ДНБ-ийхээ 3 гаруй хувьтай тэнцэх 3.95 их наяд юань буюу 560 тэрбум ам.долларыг эдийн засагтаа оруулахаар болсон.
Fastmarkets-ийн зэсийн үнийн талаарх урт хугацааны төлөв ч ихээхэн өөдрөг байна. Зэсийн үнэ өсөх хандлагыг дэлхийн эрчим хүчний шилжилт үлэмж түрнэ гэж тэд үзжээ. Fastmarkets зэсийн эрэлт 2034 он хүртэл жилийн нийлмэл өсөлтийн хурдаар 2.6 хувиар өснө гэж таамаглаж байна.