С.Жавхланбаатар: Уул уурхайн салбараа аж үйлдвэртэйгээ хослуулан шинэ шатанд хүргэхээр ажиллаж байна
"Mongolia Mining 2024" олон улсын уул уурхайн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Тус үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолборт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. 13 дахь удаагийн уул уурхай, ханган нийлүүлэлтийн олон улсын үзэсгэлэнд 20-иод орны 250 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар оролцож, үг хэллээ. Тэрээр энэ өдрүүдэд манай улс уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээгээр амьсгалж, өнөөдөр “Mongolia Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээлтээ хийж байна. Энэхүү арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид, уул уурхайн ханган нийлүүлэгчид, банк санхүүгийнхний дунд хүлээгддэг арга хэмжээ болтлоо өргөжин тэлсэнд таатай буйгаа илэрхийлэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар "2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэд хэдэн томоохон бодлогыг дэвшүүлж байгаа бөгөөд олборлох үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрлэл рүү чиглүүлж, уул уурхайн салбараа аж үйлдвэртэйгээ хослуулан шинэ шатанд хүргэх зорилт тавин ажиллаж байна" гэв.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас саяхан 14 мега төслийг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа зарласныг тэмдэглээд, эдгээрийн 6 нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны эрхлэх асуудлын хүрээнд шууд хамаарч байгаа бөгөөд тухайлбал, зэс боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр, нүүрс-хими, нүүрс-коксын үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэрлэл технологийн паркуудыг тус тус багтаасан байгааг танилцуулсан юм.
Тэрчлэн уул уурхайн салбарыг олон улсын жишигт нийцсэн, дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлсэн хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурлан дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах замаар хөгжүүлэх бодлого чиглэж байгаагаа дурдаад, цаашид хувийн хэвшлүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.