Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өссөн байна
3 Өдрийн өмнө
69
Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өссөн байна
Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан (2026.11.06) болж, шатахууны импорт, тээвэрлэлт, нөөц, түгээлт, чанар болон үнийн хяналтын асуудлыг хэлэлцлээ.
 
Хуралдааны дараа Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдал болон олон нийтийн дунд үүсээд буй зарим эргэлзээтэй асуудалд дэлгэрэнгүй тайлбар өглөө.
ОХУ-аас Монгол Улсад долдугаар сард 47 мянган тонн, наймдугаар сард 67 мянган тонн, есдүгээр сард 64 мянган тонн, аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлсэн бол арваннэгдүгээр сард 70 мянган тонн нийлүүлэхээр баталгаажуулаад байна.
 
Автобензиний сарын хэрэглээ ердийн үед 70 мянган тонн орчим байдаг бол зуны улиралд сардаа 100 мянган тоннд хүрдэг. Иймээс Монгол Улс шатахууны хангамжаа зөвхөн нэг улсаас хамааралтай байлгахгүй байх, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах зорилгоор импортын эх үүсвэрээ төрөлжүүлж, БНХАУ, Казахстан, БНСУ зэрэг улсаас Евро5 стандартын шатахуун татан авах ажлыг хэрэгжүүлж байна.
 
Нөгөө талаас Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өссөн байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, тээвэрлэлт эрчимжсэн, автомашины импорт болон хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой юм.
 
Сүүлийн үед энгийн АИ-92 автобензинийг Евро-92 нэрээр өндөр үнээр худалдаалж байгаа эсэх талаар иргэдийн дунд эргэлзээ үүссэн.
Энэ асуудалд дэд сайд Б.Мөнхтамир тайлбар өгөхдөө хоёр төрлийн автобензин нь чанарын үзүүлэлт, ялангуяа хүхрийн агууламжаараа ялгаатайг онцоллоо.
 
Евро-5 стандартын шаардлага хангасан автобензиний хүхрийн агууламж 10 ppm-ээс ихгүй байх ёстой бол Евро-2 ангиллын автобензинд энэ үзүүлэлт 500 ppm хүртэл байж болно.
Иймээс өөр өөр чанарын үзүүлэлттэй автобензинийг хольсон тохиолдолд хүхрийн агууламж өөрчлөгдөх бөгөөд лабораторийн шинжилгээгээр бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох боломжтой.
 
Өнгөрсөн долоо хоногт төмөр замын өртөөнүүдэд шатахуун тээвэрлэсэн вагон-цистернүүд олноор хуримтлагдсан нь аж ахуйн нэгжүүд зориудаар шатахууны хомсдол үүсгэж байгаа гэх хардлага, шүүмжлэл дагуулсан.
Энэ талаар дэд сайд Б.Мөнхтамир тайлбарлахдаа вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаануудын нэг нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжих технологийн болон агуулахын хүчин чадлын хүндрэл гэдгийг онцлов.
Арав, арваннэгдүгээр сар нь дизель түлшний улирлын шилжилтийн үе бөгөөд аж ахуйн нэгжүүд зуны дизель түлшний үлдэгдлээ борлуулж, агуулахын савыг сулласны дараа өвлийн дизель түлшийг хүлээн авч буулгах шаардлагатай байдаг.
 
Одоогоор өртөөнүүдэд хүлээгдэж буй вагон-цистернүүдийн дийлэнх нь дизель түлш тээвэрлэж байгаа аж.
Харин АИ-92, Евро-92, АИ-95, АИ-98 зэрэг автобензинийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч, Толгойт өртөөнд хүргэн буулгасны дараа шууд түгээлтэд гаргаж байгааг тайлбарлав.
Иймд вагон-цистерний хүлээгдлийг автобензинийг зориудаар нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэж үзэх үндэслэлгүйг Шатахууны шуурхай штабаас мэдэгдлээ.
 
Эх сурвалж: АҮЭБЯ
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.