Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс санаачлан “Төсөв-2025” хэлэлцүүлгийг Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгээр ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтуудын нийгэм эдийн засгийн өгөөж, үр дагавар, голлох зардлыг бүрдүүлж буй мега төслүүд, төслүүдийн хэрэгцээ шаардлага, авто замын бүтээн байгуулалт болон эрчим хүчний чиглэлд төвлөрч төр, хувийн хэвшил, судлаач, эдийн засагч, олон нийтийн төлөөллийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээндээ 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Ирэх оны төсвийн төсөлд нийт зардлыг 35.8 их наяд төгрөг, орлогыг 33.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар Сангийн яам төлөвлөсөн.
Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, өсөлтийг өрхөд чиглүүлэх, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжих агуулга дор 2025 оны төсвийн бодлогыг тодорхойлоод буй.
Хэлэлцүүлэгт Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, “Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Оюунбадам, Ложистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд, ШУТИС-ийн багш, доктор Д.Үлэмж, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Монгол Улсын зөвлөх инженер, Авто замын зөвлөлийн дарга Н.Адилбиш, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Арж Роуд” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ нар хэлэлцүүлэгт оролцож байна.
Эдийн сэтгүүлчдийн сэтгүүлчдийн клуб нь 15 жилийн түүхтэй бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийн чөлөөт нэгдэл юм. Тус клуб нь Өглөөний уулзалт, Зочин сэтгүүлч, Хэлэлцүүлэг, Алсын томилолт зэрэг уулзалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Одоогоор тус клубт нийт 60 гаруй сэтгүүлч, тоймч гишүүнчлэлтэй байна.