БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй "Дэлхийн тогтвортой тээврийн форум-2024" олон улсын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тус хуралд оролцож буй.
Тэрээр өчигдөр “Сайд нарын форум” салбар хуралдаанд оролцож, тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, Монгол Улсын засгийн газраас зам тээврийн салбарт баримталж буй бодлогыг танилцуулсан юм.
Форумд дэлхийн 30 орчим улс орны тээврийн сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, БНХАУ-д суугаа гадаадын дипломат төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, тээврийн салбарынхан оролцож байна.
Дэлхийн олон орны зам тээврийн салбарынхан чуулсан тус форум энэ жил "Тогтвортой тээвэр: Дэлхийг холбогч логистик" сэдвийн дор өрнөж байгаа бөгөөд үндсэн хуралдаан дэлхий нийтийн тээврийн системд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, оролцогч талуудын тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.