Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэл хийнэ
Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэл хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэл хийнэ. Тус компанийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр мэргэжлийн удирдлагын багаар удирдуулах чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулах талаар өнөөдрийн (2024 .09.25) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Мөн мэргэжлийн удирдлагыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулах үйл ажиллагаанд олон улсын мэргэжлийн байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлт, удирдлагын багийн ур чадварыг тодорхойлсны үндсэн дээр олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах үе шат дөрвөн хэсгээс бүрдэнэ.
1. Зөвлөх үйлчилгээний зорилтуудыг тодорхойлох, боломжит зөвлөх компаниудыг тодорхойлж, бэлтгэл ажлыг хангана.
2. Олон улсын нээлттэй тендер шалгаруулалт. Үүнд зөвлөх үйлчилгээний зорилтууд, ажлын даалгавар, тавигдах шалгуур үзүүлэлт, ирүүлсэн материалд үнэлгээ өгнө.
3. Үнэлгээ, хэлэлцээ хийх. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх санал, ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, үр дүн тодорхойлно.
4. Гэрээний нөхцөлийг тохирч, үнэ хугацаа, хүрэх үр дүнг тодорхойлж, зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 27 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа. Бусад хувь нь төрийн эзэмшилд байгаа учир хувь, хувьцаа ямар нэгэн байдлаар шилжих агуулга энэ огт биш. Зөвхөн менежментийн хүрээнд өнөөдөр олж байгаа ашгийг нэмэх, бүтээмжийг өсгөх зорилгоор ийм шийдвэр гаргаж байна” гэсэн юм.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.