Экспортын гол таваар төмрийн хүдрийн үнэ буурч, нэг тонн нь 650 юань руу орж ирлээ. Өмнөд хөршийн үл хөдлөх хөрөнгийн салбарт үүссэн ужгирсан хүндрэл төмрийн хүдэр, гангийн зах зээлд нөлөөгөө үзүүлэв. Хятадын гангийн үйлдвэрлэл нь түүхэн өсөлтөөр байнга шинэчлэгдэж ирсэн бол 2023 оноос шинэ сорилтуудтай тулгарч эхэлсэн. Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч БНХАУ-ын дотоод эрэлт хумигдаж, энэ онд үйлдвэрлэх гангийн хэмжээ дахин буурах дүр зурагтай байна.
Олон жил тасралтгүй өсөлтөөр тэлж байсан тус зах зээл 2030 он руу ойртох тусам агших эрсдэл нь биежих болов. Хятадын Засгийн газраас дэд бүтэц, тэр тусмаа барилгын салбарт хуваарилах хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдэхгүй байгаа нь байдлыг улам дордуулж буй. Үүгээр зогсохгүй шинэ орон сууцны борлуулалт удааширсан, барилгын компаниудын мөнгөн урсгал татарсан нь гангийн эрэлт сэргэх боломжийг тэр хэрээр үгүйсгэсэн хэвээр.