Бичил уурхайн салбар дахь эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бичил уурхайн салбар дахь эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна. Энэхүү зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, дэмжигч байгууллагаар “Planet Gold” Монгол төсөл ажиллаж, бичил уурхай эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр зохион байгуулагдаж байна. 
 
Тус зөвлөгөөнийг нээж салбарын сайд Ц.Туваан үг хэлэхдээ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч яамд, агентлагийн төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, бичил уурхай эрхлэгчид, холбогдох талуудын төлөөлөлд зөвлөгөөний үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлэн, хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөс гарах зөвлөмж болон хууль эрх зүйн орчны шинэчлэлд үнэтэй саналаа өгч, хамтран ажиллахыг хүсэв.
 
Тэрбээр, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинэчлэн байгуулагдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцогч талуудын санал бодлыг сонсох, тулгарч буй бэрхшээл, гарц шийдлийн талаар хамтран хэлэлцэж, зөвлөлдөхөөр өнөөдөр энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэв.
 
Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орон нутагт ажлын байр бий болгох, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар ашигт малтмалыг олборлох, эвдэрсэн газрыг эзэнжүүлэх зорилгоор хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдийг зохион байгуулалтад оруулан албажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага 2000-аад оны эхэн үеэс оноос үүссэн байдаг бөгөөд бичил уурхай эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход үүсэж буй байгаль орчны сөрөг нөлөөлөл болоод олборлогчдын аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой олон олон асуудлыг хамтаараа хэлэлцэх шаардлага тулгарч буйг салбарын сайд Ц.Туваан хэллээ. 
 
Түүнчлэн цаашид салбарын яамны зүгээс уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтын асуудлыг оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулах замаар шийдвэрлэхээр төлөвлөж байгаа гэлээ. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.