"Эрдэнэс Тавантолгой"-г олон нийтэд нээлттэй компани болгох бэлтгэл ажил эрчимжлээ
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтын хамтаар ЗГХЭГ, Сангийн яам, ТӨБЗГ, Хөрөнгийн бирж, Төрийн бүтээмжийн үндэсний хороо, Санхүүгийн зохицуулах хороо, "Эрдэнэс Тавантолгой" ХК болон бусад төрийн байгууллагын төлөөллүүдийн хамтаар хуралдлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд ЗГХЭГ-ын дарга Н.Учралд байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй түгээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор эхний ээлжинд “Эрдэнэс Тавантолгой ХК-г олон нийтэд нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу ирэх долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулахаар бэлдэж байна.
“Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулж, олон нийтэд ил тод болгож ард түмний хяналтад оруулах, улс төрөөс ангид, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй болгох шаардлагатай. Шаардлагатай бол төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Гадаадын мэргэшсэн компанийг оруулж менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ авна. Тэгж чадвал Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж ард түмэн баялагтаа эзэн болно” гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлжээ.