“Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авч эхэллээ. Санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралын ард иргэддээ хандаж, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд;
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын Засгийн газар 17 жилийн дуусдаггүй яриаг дуусгаж, Оюутолгойн ногдол ашгаа Монголдоо авч ирэхээр болсон. Ирэх онд монголчууд Оюутолгойн ордоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгаа авна. Оюутолгойн ногдол ашгаа нэг удаа биш жил бүхэн авна. Харин Монгол Улс мөнгөгүйн зовлон, мөнгөтэйн зовлонд унасаар байж болохгүй. Олсныхоо хэрээр үрдэг өмнөх алдаагаа засаж, өр биш өв үлдээж, ухаалаг зөв ашиглах учиртай.
Оюутолгой бол Таны хувь, Таны баялаг. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Ийм ч учраас иргэн Та бүгдийн олонхын санал эцсийн дээд шийдвэр байх болно.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа Та бүхэндээ дахин танилцуулъя.
Нэг
Оюутолгойн нодол ашигт гурван их наяд төгрөг авна. Үүнээс нэг их наяд төгрөгийг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу иргэн Таны хуримтлалын санд оруулна. Харин олсныхоо хэрээр үрвэл үнийн өсөлт огцом цойлж, төгрөгийн ханш, айл бүрийн цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадварыг эрс сулруулах аюултай. Иргэн Та өөрийн хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зориулах эрхээ эдлэх боломжийг бодитой нээх болно.
Хоёр
Газрын баялгийн экспортын орлогоо өвлүүлж хуримтлуулах, өсгөж үржүүлж, үлдэцтэй зөв зарцуулахын оронд үрж зарсаар ирсний үр дагаврыг өнөөдөр монголчууд бид эдэлж байна. Өвөл болохоор хүйтэн болдог гэдгийг бүгдээрээ мэддэг боловч тог, дулааны хомсдолтой, улс, хотоороо гал алдах, хөлдөх өндөр эрсдэл дунд аж төрж байна. Цахилгаан станц барих төсөл бүрийг царцааж гацаасаар олон жилийг үдлээ. Оюутолгойн ногдол ашгаас 300 МВт хүчин чадалтай шинэ VI ДЦС барих, цахилгаан станцуудаа засварлаж шинэчлэхэд 789.7 тэрбум төгрөг зориулах саналтай байна. Ажил нь 50 хувьтай гацсан, 10 аймгийн ДЦС-аа үргэлжлүүлэн гүйцээж, хөдөө орон нутгийн хүн амаа гэрэл, дулааны гачигдлаас гаргах уу? Хагас дутуу барилга, каркааз хэвээрээ үлдвэл бүгдээрээ илүү их хохирч, бүхнийг шинээр эхлэх гэж олон өвлийг ахин алдах болно.
Гурав
Монгол малын буян, арьс шир жалга шуудуунд хаядаг хог байх ёсгүй. Түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулж, монгол малынхаа ашиг шимийг өсгөх санал дэвшүүлж байна. Таван хошуу мал сүргээ жинхэнэ ёсоор таван эрдэнэ болгоё гэвэл малын эм, вакцины үйлдвэртэй болохоос өөр аргагүй. Малын гоц халдварт өвчин гарах бүрд гадаад улсаас эм, вакцин хайж цаг алдаж, илүү үнэ төлж, илүү хохирч, хотоо харлуулдаг цагийг хамтдаа эцэслэе. Монгол гэрийн буйр газар нутгаа тамгалж яваа цагт нүүдлийн их өв, соёл тасрахгүй. Иймд импортыг орлож, ХАА-н үйлдвэрлэлээ өсгөн нэмэгдүүлэхэд 82.2 тэрбум төгрөг зориулах саналтай байна.
Дөрөв
Эх орны баялгийн өгөөжийг иргэнд хүртээмжтэй хүргэх үндсэн арга замын нэг нь эрдэм боловсрол гэдэгтэй Та санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Үр хүүхдүүдээ эрдэм боловсролтой хүн болгохын төлөө байдаг бүхнээ зориулдаг нь монгол ээж аавуудын эрхэм нандин чанар. Тийм ч учраас Оюутолгойн ногдол ашгаас хөдөөгийн зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль барина. Монголын хөдөөд дэлхийн иргэд сурч бэлтгэгддэг, эзэмшсэн боловсрол, авсан гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Бүс тус бүрд нэг төрөлжсөн ахлах сургуулийн үүдийг нээнэ. Зургаан бүс тус бүрд 300 ортой 15 дотуур байр барина. Эх орны баялгаас эрдэм боловсролд 257 тэрбум төгрөг зориулъя гэсэн саналтай байна.
Ерөнхий боловсролын 100 сургуулийг эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг, ногоон, уурын зуухгүй сургууль болгоход 315.7 тэрбум төгрөг зарцуулахаар тооцлоо.
Тав
Экпортын үндсэн орлогыг бүрдүүлдэг, улс орны үүд хаалга болсон боомтуудын хүчин чадлыг өсгөн нэмж чадвал бүс нутаг хөгжинө. Ахмадын тэтгэвэр, эмч, багшийн цалин, сургууль цэцэрлэг, зам, дэд бүтэц болдог татварын орлого нэмэгдэнэ. Арцсуурь, Хавирга, Ханги боомтуудын хүчин чадал, экспортын гарцыг нэмэхэд 170.8 тэрбум төгрөг зориулъя. Экспорт эрч хүчтэй, эдийн засгийн судас эрүүл цохилж байж өсөлтөө хадгалж, өрхдөө хүргэх өгөөж болгож чадна.
Эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эзэн болсон эрх чөлөөт Монгол Улсын иргэд ээ,
Эрх чөлөөт улс оронд засаг төр бүхнийг зааж, иргэн Таны өмнөөс дур мэдэн шийддэг байх учиргүй. Бид зөвхөн шийдлээ танилцуулна. Хаалттай хаалганы цаана биш ил тод нээлттэй, олонхын саналаар шийддэг байх шинэ соёлыг эхлүүлж байна.
Та гар утаснаасаа И-Монголиа, и-засаг цахим талбарт ороод чөлөөтэй саналаа өгөөрэй. Нээлттэй санал асуулга өнөөдөр буюу аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн. Энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэхүү санал асуулгын үр дүнг УИХ-ын Ажлын хэсэгт уламжилна.
Оюутолгой бол Таны хувь юм.
Оюутолгой бол Таны баялаг юм.
Монголын баялаг монголчууддаа хүрэх учиртай.
Монголын заяа их ээ.