Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тэрээр "Хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох, улмаар 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан үүнийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэл авлаа. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолын төслийг танилцуулж, хэлэлцүүлнэ" гэв.
1072 хувьцаатай иргэдийн хувьд өөрийн хувьцаагаа бусдад арилжаалах эрхгүй байсан бол "Эрдэнэс Тавантолгой" ХК нээлттэй хувьцаат компани болсноор арилжих эрх нь үүсэх юм. Тэрчлэн компанийн засаглал, ил тод байдал ч улам сайжрах нөхцөл бүрдэх аж. ЗГХЭГ-ын дарга нэмж "Эрдэнэс Тавантолгой" компанид нээлттэй сонгон шалгаруулалт /тендер/ зарлаж, олон улсын менежментээр удирдуулах чиглэлийг судалж, Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.