Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлнэ
2024.09.17
155
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран   “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлнэ
Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нар өнөөдөр “Эрдэнэт шинэ илгээлт” төсөл хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран аймгийнхаа шинэ хөгжлийг тодорхойлох, улмаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон 12 төслийг хэрэгжүүлэх юм.
 
Тухайлбал, “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”, “Үйлдвэрлэл, технологийн парк”, “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр”, Машины үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах-“Эрдэнэт машин” цогцолбор, “Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор хотхон”, “Үүсмэл ордыг үр ашигтай ашиглах”, “Хаягдлын шинэ сан байгуулах”, “Төлөвлөлттэй хот”, “Цэвэр агаартай хот”, “Ухаалаг хот”, “Чанартай авто замтай хот”, “Ногоон хот”, “Эрүүл, оюунлаг хот” гэсэн төслүүд багтсан.
 
Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал “Бид Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босголцсон илгээлтийн эздийнхээ 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Орхон аймаг, Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан нь Эрдэнэт үйлдвэртэй салшгүй холбоотой. Орхон аймаг, Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ирээдүйн Орхон аймгийн хөгжлийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах, “Эрдэнэт шинэ илгээлт” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч, жишиг хот болох зорилготой тус төсөл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хэрэгжүүлэх зургаа, Орхон аймгийн хэрэгжүүлэх зургаа, нийт 12 төслөөс бүрдэж байгаа юм. Төслийн хүрээнд Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, батлах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах, тендер сонгон шалгаруулах, дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зэрэг бүтээн байгуулалтын урьдач нөхцөлийг бүрдүүлээд 45-100 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэрэгжүүлэх томоохон төслүүдийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрээр, “Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хоорондоо салшгүй холбоотой, хамтран ажиллаж ирсэн олон жилийн баялаг түүхтэй. Эрдэнэт үйлдвэр маань 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 1973 онд Эрдэнэт үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын гэрээ байгуулах үед Эрдэнэтийн-Овоо ордын нөөц 500 гаруй сая тонн, 34 жилийн хугацаанд ашиглана гэсэн ТЭЗҮ хийгдэж, үүнтэй зэрэгцээд 15 мянган хүнтэй Эрдэнэт хотыг сүндэрлүүлэн босгоно гэсэн төлөвлөгөө гаргасан байдаг. Эрдэнэт үйлдвэр маань анх батлагдсан 520 сая тонн нөөцөө ашиглаж дуусгаад, өнөөдрийн байдлаар 2,9 тэрбум тонн нөөц батлуулсан, үйл ажиллагаа маань 60-70 жил үргэлжлэх нь тодорхой болсон, гэрэлт сайхан ирээдүйтэй байна. Нөгөө талаас 1978 оны 12-р сарын 14-нд Анхны баяжмал гаргах үедээ жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байсан бол, өргөтгөл, шинэчлэл хийсээр 2025 онд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилттой ажиллаж байна. Түүнчлэн, 15 мянган хүнтэй болно гэж төлөвлөсөн хот маань өнөөдөр 100 гаруй мянган хүнтэй, орчин үеийн дэд бүтэцтэй соёлтой хот болон өргөжлөө. Эрдэнэт үйлдвэрийн маань уурхай жилээс жилд гүнзгийрч, зэсийн агуулга буурч, өртөг зардал өндөрсөж байна. Нөгөө талаасаа бид зэсийн баяжмалаасаа 15-20 хувийн баялгийг хүртэж, 70-80 хувийг нь хил давуулан явуулж байна. Засгийн газрын хуралдаанаар батлагдсан, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил маань өнөөдрийн санамж бичигт багтсан. Бид хамтдаа хэрэгжүүлэх ажил байгаа. Үйлдвэрлэл, технологийн паркийг Орхон аймаг дэмжиж, 1200 га газрыг Эрдэнэт үйлдвэрт шийдвэрлэж өгсөн. Үүн дээрээ бид өртөг шингэсэн, өндөр үнэлэмжтэй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүтээн байгуулалтын ажил хийнэ. Одоогоор дэд бүтэц, авто зам, төмөр зам, усан хангамж, цахилгаан хангамжийн ажлыг амжилттай хийж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд баригдах хамгийн том төсөл бол Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг барина гэсэн мөрөөдлөө 37 дахь жилдээ тээсээр өнөөдрийг хүрсэн. Үүнийг бодитойгоор биелүүлэх боломжтой боллоо” хэмээн онцоллоо.
 
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад орон нутаг төдийгүй, улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төслүүдийг анх удаа хамтран хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.