Монголын уул уурхайн ертөнцөд нэг том хүчний туйл болж буй “Эрдэнэс монгол” ХХК-ийн орлого, ашиг, татвар төлөлт түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрэх төлөвтэй байна. 2024 оны эхний 6 сарын байдлаар нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын орлого нийтдээ 8.9 их наяд төгрөгт хүрч, 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ашиг, орлого аль аль нь 3.6-3.7 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ эрчээрээ оны төгсгөлд орлогоо 17 их наяд төгрөг давуулахаар төлөвлөжээ.
Харин улс, орон нутгийн төсөвт 2.6 их наяд төгрөг төлсөн нь улсын хэмжээнд хагас жилийн байдлаарх татварын орлогын 20% орчмыг бүрдүүлж байна. Ийнхүү санхүүгийн үзүүлэлт нь 2022 оноос хойш хөнгөн араандаа хийсэн мэт цойлж байгаа нь түүхий эдийн ханшийн өсөлт, экспортын биет хэмжээ нэмэгдсэн зэрэг суурь үзүүлэлтээс гадна нэгдлийн хэмжээнд хийж буй өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн гэж харж болохоор байна.
Эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК-д болсон “Эрдэнэс монгол нэгдлийн хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр гүйцэтгэх захирал С.Наранцогт “Өнгөрсөн хугацаанд нэгдлийн хэмжээнд Засгийн газраас тухайлсан компанийн асуудалд оролцдог байсан нь зогсож, үйл ажиллагааны уялдааг хангах, санхүүгийн нэгдсэн удирдлагатай болгох гээд цогц реформ хийж, бие даасан, олон улсын жишигт нийцсэн сайн засаглалтай болох эхлэл тавигдсан” гэдгийг онцлов.
Өөрчлөлт шинэчлэлтийн цаг хүрээг харвал төрийн өмчит компаниудын хариуцлага, үр ашгийг дээшлүүлэх, Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийг өнөө ба хойч үедээ тэгш хүртээх үзэл санааг тээсэн Үндэсний баялгийн сангийн менежментийг хэрэгжүүлэх гэсэн хүрээнд өрнөжээ.
Юун түрүүнд 2022 онд Засгийн газрын 362 дугаар тогтоол гарсны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагад байсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, Хөтөлийн “Цемент шохой” ХХК, мөн “Дарханы иөмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг нэгдлийн харъяанд нэгтгэсэн нь илүү их хөрөнгийг илүү үр ашигтайгаар үндэсний эрх ашгийн төлөө удирдах нөхцөл болжээ. Энэ шинэ бүтэц цар тахлын дараах тамиргүй болсон эдийн засгийг сэргээхийн тулд нүүрсний экспортыг 2.4 дахин өсгөж, биржийн арилжаагаар 2.8 тэрбум ам.доллар олж, ГВАН-ийг 5.6 тэрбум ам.доллар буюу 70%-иар зузаатгасан. Энэ эрч улам чангарсаар санхүүгийн үзүүлэлтүүд улирлаас улиралд, жилээс жилд чамбайрч байна. Өмнө нь санхүүгийн тайлан нь аудитлагдаагүй, хуримтлагдсан өр төлбөр 8 их наяд төгрөгт хүрсэн байсан аж. Тиймээс шинэ удирдлагуудын нэн түрүүнд хийсэн ажил бол 2020-2022 оны 3 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулан, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг харъяа компаниуддаа нэвтрүүлжээ.
Мөн группийн зохион байгуулалтад шилжиж, төрийн өмч дээр сандайлсан явцуу эрх ашгуудыг халж, үр ашиггүй ажилладаг, өр тавьж амьдардаг бүтцийг задалжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын салбарын дундын бодлого зохицуулалтын газрын дарга, тус нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн “Үр ашиггүй ажиллаж байсан 6 компани, 2 төслийн нэгжийг татан буулгасан. ТУЗ-ийн 269 гишүүнийг 66 болгож цөөлсөн. Бүтцийн хувьд хараат бус гишүүдийн төлөөлөл 34% байсныг 49% болгож нэмэгдүүлсэн байна. Мөн нэгдлийн хэмжээнд 11 бодлогыг шинэчлэн баталж, дотоод аудиттай болж, эрсдэлийн удирдлага, зээлийн санхүүжилт олгох зэрэг дүрэм, журмуудыг баталж гаргасан. ТУЗ-ийн хуралдаан, шийдвэрийн тоо 1.5-5 дахин нэмэгдсэн” хэмээн товч дүгнэлээ.
Үүнээс гадна байгалийн баялгийг захиран зарцуулж буйн хувьд “Эрдэнэс монгол” нэгдэл санхүүгийн болон үйл ажиллагааны тайлагналтай, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг үнэлэх хэмжүүртэй болж, стратегийн баримт бичгээ ч боловсруулсан байна. Өнгөрсөн хоёр жилд бичиг цаасаа эмхэлж цэгцэлснээр Эрдэнэс тавантолгойн сүрэнд дарагдаж, шүдгүй арслан мэт байсан “Эрдэнэс Монгол” одоо Glencore, Anglo-American, Rio Tinto гээд дэлхийн уул уурхайн хөгжлийг залж, хөрөнгө оруулалтын луужин болдог компаниуд шиг босоо интеграцыг хийж, эрэл хайгуулаас эхлээд зах зээлд хүргэх бүхий л гинжин хэлхээг цогцоор нь удирдах төлөвт шилжиж байна.
Босоо интеграцад шилжсэнээр уул уурхайн үйл ажиллагааныхаа үе шат бүрээс бий болох өгөөжийг компани дотооддоо авч үлдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзлийн нөлөөллийг сааруулах, үйлдвэрлэлийн хүчин чадал болон нийлүүлэлтийн гинжин хэлхээ, нөөцийн удирдлагаа оновчтой төлөвлөх боломжтойгоороо давуу талтай.
Энэ нь ч өнөө жил хоёр дахь удаагаа зохион байгуулсан тайлангийн хурал зөвлөгөөний үеэр анзаарагдаж байв. Нэгдлийн компаниуд нэг форматаар үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтүүдээ тайлагнаж, үйл ажиллагааны үр дүнгээ илтгэж нэгдсэн мэдээлэл өгсөн юм.
Тоймлоход, нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны дундаж гүйцэтгэл 79%, өвөлжилтийн бэлтгэл ажил 44.1%-тай байна. Нэгдсэн гүйцэтгэлээр олборлолт, баяжмал үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу явж байгаа хэдий ч хөрс хуулалт 88%-ийн гүйцэтгэлтэй буюу хоцрогдолтой явж байна. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ, барилга байгууламж, усан хангамжийн найдвартай байдлыг хангах хөрөнгө оруулалтын зарим ажлын гүйцэтгэл, худалдан авалтын процесс удаашралтай байгаа нь гол нөлөө үзүүлж байгаа тул цаашид анхаарч ажиллах зөвлөмж өгсөн юм.
Тус зөвлөгөөнөөс ойрын ирээдүйд уул уурхайн төрийн өмчит компаниудын хөгжлийн чиг хандлага хааш чиглэж буйг, түүнийг дагасан хууль эрх зүйн өөрчлөлтийн талаар үргэлжлүүлэн тоймолъё.
Манай түүхий эдийн гол худалдан авагч өмнөд хөршийн эдийн засаг материаллаг хэрэглээнээс үйлчилгээ суурьтай болж байгаа нь цаашид нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ханш сулрах үндсэн нөхцөл болно. Харин эрчим хүчний шилжилт, дэлхийн геопилитикийн нөхцөл байдал нь зэс болон алтны ханшийн төлөвт урт хугацаандаа эерэг нөлөөтэй гэж олон улсын хэвлэлүүдэд бичиж байна. Манай экспортын орлогыг бүрдүүлэгч нүүрс, зэс гэсэн хос түүхий эдийн ирээдүйд эсрэг, тэсрэг нөлөө үзүүлэх энэхүү шилжилт нь олсноо олигтойхон хуримтлуулж, оновчтой захиран зарцуулах ахархан үе ч байж мэдэх юм.
Хувьцаа эзэмшигч болохын хувьд Засгийн газар тус нэгдлээр дамжуулан Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, зорилтуудаа хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, “Эрдэнэс монгол” хоёр нэг нь завь болж, нөгөө нь сэлүүр болжээ гэсэн үг. Засгийн газрын нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн 11-ийг нь “Эрдэнэс монгол” ХХК хэрэгжүүлэхээр стратегидаа тусгасан байна.
Голлон аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээр экспортын орцоо зузаалах стратеги барьж буйгаа гүйцэтгэх захирал С.Наранцогт хэллээ.
Нэгдлийн 2035 он хүртэл хөгжлийн зураг, хэтийн төлвийг харвал ашигт малтмалын үндсэн орд, аж үйлдвэрийн уламжлалт байршлуудаа түшиглэн үйлдвэрлэл технологийн 6 парк (ҮТП) байгуулж, хүнд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах эрх зүйн шинэчлэл хийж, хувийн хэвшилд зориулсан дэд бүтцийн суурийг үргэлжлүүлэн бүтээн байгуулна. Энэ хүрээнд ҮТП-т үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон газар олголтоос эхлээд татварын ба татварын бус дэмжлэг, хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтын зохицуулалт, нэгдлийн компаниуд харилцан бараа түүхий эд солилцох зохицуулалт, мөн хил, гааль, эрчим хүчтэй холбоотой 10 орчим хууль, журмыг боловсруулж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай аж.
Одоогоор Эрдэнэт, Дарханыг түшиглэн зэс, ган хайлуулах үйлдвэрийн цогцолбор, Багануурыг түшиглэн нүүрс-химийн үйлдвэрийн цогцолборыг нэн тэргүүнд ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж. Нэг талаас өндөр үнэ цэнд хүрэх, нөгөөтэйгүүр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагаас аж үйлдвэржилтээ эхэлж буй аж.
ҮТП-уудын бүтээн байгуулалт дээр 45 үйлдвэр, 8 дэд бүтцийн нийт 53 төсөл хэрэгжинэ. Хөрөнгө оруулалтад нийтдээ 9.4 тэрбум ам.доллар шаардлагатай бөгөөд жилийн борлуулалтын орлого 8.3 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Үүний 45% буюу 3.7 тэрбум нь нэмүү өртөг байх юм байна. Үүнийг дагаж 10 гаруй мянган ажлын байр бий болох тооцоог “Эрдэнэс ҮТП” ХХК хийжээ.
Харин Үндэсний баялгийн сангийн хувьд 2030 он гэхэд 14.3 их наяд төгрөгийг Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Хөгжлийн санд төвлөрүүлэх тооцооллыг хийжээ. Тус сангийн орлогод Оюутолгой, Зөөвч-Овоо төсөл, мөн “Эрдэнэс монгол” нэгдэл жин дарах аж.
Өнгөрсөн тавдугаар сард Хуримтлалын санд 500 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон сууцны санхүүжилтийг 1.2 их наяд болгож нэмэгдүүлснээр 10 мянга орчим айл өрхийн ипотекийн зээлийн хүртээмж нэмэгджээ. Хуримтлалын санд “Эрдэнэс монгол” нэгдлийн харъяа компаниудын төрийн эзэмшлийн 34%-ийн ногдол ашгийн орлого төвлөрч, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны санхүүжилтэд зарцуулагдана. Тиймээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэж борлуулах тусам Хуримтлалын сангийн орлого зузаарна гэсэн үг. Ойрын хугацаанд Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлэгчийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааг журамлах шаардлагатай байгааг С.Наранцогт хэллээ.
Нэгдлийн дотоод үйл ажиллагааны хувьд босоо интеграцыг үр ашигтай, оновчтой удирдаж, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах шинэчлэлүүдээ цахимжилтаар үргэлжлүүлж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтад шилжихээр ажиллаж байна.
Нэгдлийн хэмжээнд нэгдсэн удирдлагын ERP систем нэвтрүүлж, худалдан авалтын цахим платформ, хиймэл оюунд суурилсан хүний нөөцийн сонгон шалгаруулалтын систмүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. (Энэ тухай дэлгэрэнгүйг эндээс уншаарай) Аж үйлдвэржилтийн сэргэлтийн ачааг үүрч буйн хувьд ирэх жилүүдэд тус нэгдэлд нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай мэргэжилтнүүд шаардлагатай бөгөөд хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сан нь нэгдэл дотроо хүний нөөцийн оновчтой хуваарилалтыг хийх боломж ч олгох юм.
Ойрын 4 жилд төрийн өмчит уул уурхан компаниудын нэгдэл эрх зүйн шинэчлэлээ үргэлжлүүлж, дотоод үйл ажиллагаагаа цахимаар удирдаж, харъяа компаниуд нь эрсдэлээ тооцож удирдаж чаддаг, санхүүгийн сахилга батаа улам чамбайруулж, бизнесийн өсөлтөө хадгалахаар зүтгэх дүр зураг бууж байна. Үр дүнд нь олон жил гацсан мега төслүүд урагшилж, баялгийн сан зузаарч, эдийн засагт солонго татна гэсэн эерэг хүлээлт бий. Харин гадаад зах зээлд гарах өөрчлөлтийг бид яаж ч чадахгүй. Тиймээс түүхий эдийн мөчлөг солигдох сиймхий үе, дээрээ суудлаа олж ойлголцсон түвшин цагийг сайн л ашиглах хэрэгтэй.
Datastory creative agency-д бэлтгэв.
Эх сурвалж: www.datastory.mn
Facebook: Datastory Creative Agency