Mining Week 10-р сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна
Mining Week 10-р сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна

"Mining Week 2024" /Уул уурхайн 7 хоног/ чуулга уулзалт гурав дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болох юм. Өмнөх жилүүдэд Шангри-Ла зочид буудалд болж байсан бол энэ жил Улаанбаатараас 39 км зайд анх удаа задгай талбайд болох гэж байна. Уул уурхай 7 хоног нь цар хүрээгээ улам тэлж, MinePro олон улсын уул уурхайн үзэсгэлэнгээр өргөжсөн.

Энэхүү чуулга уулзалт, экспог хамтран зохион байгуулагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци ажиллаж байна. Уул уурхайн 7 хоног арга хэмжээний үеэр Олон улсын уул уурхайн холбоодын дугуй ширээний уулзалт анх удаагаа болох юм. Тус уулзалтад Канад, АНУ, Их Британи, Австрали, БНХАУ, Индонез, БНЭУ зэрэг олон улсын уул уурхайн ассоциацийн удирдлагууд оролцохоор байна. 

Монголын эрдэс баялгийн салбарынхан цаашдын хөгжил, өнөөдрийн тулгамдсан асуудал бэрхшээлээ тодорхойлж, тал бүрээс нь хэлэлцдэг Mining week нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзах цэг, цуглах газар болсон. Монголын эдийн засгийг тулж түшдэг эрдэс баялгийн салбар нь бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, нухацтай эргэцүүлэх, шинэ орчинд дасан зохицох, дэлхий нийтийн чиг хандлагыг нэвтрүүлэх, түүнд суралцах, стратегиэ тодорхойлох хэрэгцээ, шаардлагыг Mining week бүрдүүлж ирсэн. 

mining_week_mine_pro 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.