Хөвсгөлийн 10 мВТ-ын нарны цахилгаан станц ашиглалтад орох дөхөж байна
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны 9.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр "Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод баригдаж буй 10мВТ-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц тун удахгүй ашиглалтад орох гэж байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жил эхэлсэн бөгөөд энэхүү нарны цахилгаан станц нь Монгол Улсын 10 дахь нарны цахилгаан үүсгүүр, Хөвсгөл аймгийн анхны цахилгаан станц болох юм. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана гэж тусгасан.
10 мВТ-ын нарны цахилгаан станц нь:
-Жилдээ 20 сая кВт/ цаг цахилгаан үйлдвэрлэж, 20 000 хэрэглэгчдэд түгээнэ.
-Төвийн эрчим хүч болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг эрс бууруулна.
-Монгол Улсад байгаа нарны цахилгаан станцуудаас цахилгааны чанарыг сайжруулах тоноглолоор, мөн хуучин GIS системийн орон зайг 10 дахин багасгаж, автоматжуулсан дэвшилтэд технологитой.
-Жил бүр 16 000 тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлж, цэвэр усны хэрэглээг 145 000 тонн-оор бууруулан өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс хамгаална.