Өнөөдөр /2026.11.11/ Эдийн засаг, хөгжлийн яаманд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хуралдаан боллоо. Хуралдаанд, ажлын хэсгийн гишүүд болон хөрөнгө оруулагч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 6–8 хувиар өсөж, 2025 онд нийт хэрэглээний 21 орчим хувийг импортоор хангасан. Иймд, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, одоо байгаа эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөх зорилт чухал хэвээр байна. Энэ хүрээнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг амжилттай хэрэгжүүлж, 2025 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 8.7 орчим хувь, Төвийн бүсийн хэрэглээний 15 орчим хувийг хангаж, эрчим хүчний хангамжид бодит хувь нэмэр оруулж буй. Цаашид тус станцын III, IV блок ашиглалтад орсноор нийт хүчин чадал 600 МВт-д хүрч, улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20–25 хувийг хангахаар төлөвлөж байгаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулсан бөгөөд хөрөнгө оруулагч талаас төслийн хэрэгжилттэй холбоотойгоор гэрээний зарим нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн. Үүний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 237 дугаар захирамжаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулаад байна. Энэхүү ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж буй юм.
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Цаашид хөрөнгө оруулалтын гэрээний төслийг холбогдох хууль тогтоомж, салбарын бодлого, зохицуулалттай нийцүүлэн боловсруулах, гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан судлах шаардлагатай"-г онцолж, ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг, чиглэл өглөө.