Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэчлэл хийснээр 230 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах, 1,700 орчим ажлын байр бий болгох боломжтой
1 Өдрийн өмнө
86
Сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэчлэл хийснээр 230 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах, 1,700 орчим ажлын байр бий болгох боломжтой
Дэлхийн Банк Группийн хувийн хэвшлийн судалгаанд дурдсанаар Монгол Улс нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй ч нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна.
Дэлхийн Банк Группийн хувийн хэвшлийн судалгаанд дурдсанаар Монгол Улс нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй ч нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Тус салбарт тодорхой шинэчлэл хийснээр 230 сая ам.долларын хувийн хөрөнгө оруулалт татах, 1,700 орчим ажлын байр бий болгох боломжтойг энэхүү тайланд онцолж, бодлогын зөвлөмж дэвшүүллээ.
 
Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөцөөр ойролцоогоор 700 гигаватт (ГВт) нарны, 400 ГВт салхины эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь одоогийн эрчим хүчний хэрэглээнээс 300 дахин давсан дүн болж байна. Гэвч энэхүү асар их нар, салхины эрчим хүчний нөөцөд хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүй байна. 2024 онд сэргээгдэх эрчим хүч нь нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зөвхөн 10 хувийг бүрдүүлсэн бол нүүрсний цахилгаан станцууд ойролцоогоор 90 хувийг нь нийлүүлсэн байна.
 
Монгол Улс өсөн нэмэгдэж буй нийлүүлэлтийн зөрүүг нөхөхийн тулд цахилгааны эрчим хүчнийхээ ойролцоогоор 25 хувийг импортолсон бөгөөд аж үйлдвэр, уул уурхайн салбарын өсөлт нь 2050 он гэхэд эрчим хүчний эрэлтийг бараг тав дахин нэмэгдүүлэхээр байна. Хязгаарлагдмал, хуучирсан сүлжээний дэд бүтэц нь хувийн хөрөнгө оруулалтыг царцааж буй томоохон шалтгаан болж байна. Дамжуулах шугамын хязгаарлагдмал чадамж нь сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэх, ялангуяа их хэмжээний нөөц баялагтай өмнөд бүсээс эрэлтийн төв цэгүүдэд нэгтгэхэд хүндрэл учруулдаг. Ихэнх сүлжээ нь олон арван жилийн өмнө бага ачааллын даацтай хуучирсан дамжуулах шугам ашигладаг тул алслагдсан бүсийн хувьсах сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэн авахад тохиромжгүй байдаг.
 
Сүлжээг өргөжүүлэх тодорхой урт хугацааны төлөвлөгөө байдаггүй нь холболтын хуваарь, үйлдвэрлэлийг хязгаарлах эрсдэлийг улам тодорхойгүй болгож байна. Шинэ хөгжүүлэлт нь салхи болон нарны эрчим хүчний төсөл эхлүүлэх боломжийг нэмэгдүүлж байна. Хэд хэдэн томоохон дамжуулах шугамын төслүүд 2030 он гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Улмаар сүлжээнд холбогдсон томоохон хэмжээний төслүүдийг эхлүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн эрэлт хурдацтай нэмэгдэж, сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн зардал буурснаас шалтгаалан төслийн үндэслэлийг сайжруулж байна. Говийн бүс нутагт нар, салхины эрчим хүчний ихээхэн нөөц байдгаас гадна үүний ойролцоо уурхайн үйл ажиллагаа байрладаг нь хөрөнгө оруулалтын боломж болж байна. Нар, салхины эрчим хүч уул уурхайн салбарын эрчимтэй нэмэгдэж буй эрэлтэд зардлын хувьд өрсөлдөхүйц, тогтвортой шийдлийг санал болгох юм.
 
Гэсэн хэдий ч зохицуулалтын хязгаарлалт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулсаар байна. Тодорхой бус дуудлага худалдааны хуваарь, удааширсан нийлүүлэлтийн үйл явц, буцаан хэрэглэх техникийн шаардлагууд зэрэг зохицуулалтын тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдад саад болсон. 2026 оны 6-р сард Монголын анхны өрсөлдөөнт сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааг зохион байгуулсан нь 2019
онд танилцуулсан дуудлага худалдааны механизмыг хэрэгжүүлэхэд чухал алхам болсон ч дуудлага худалдааны хөтөлбөрийг баталж, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг бэхжүүлэхэд нэмэлт ажил хийгдэх шаардлагатай байна.
 
Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ нь зээлийн шаардлагыг хангах чухал нөхцөлүүдийг тусгадаггүй. Түүнчлэн нэг худалдан авагчтай зах зээлийн загвар нь төсөл хэрэгжүүлэгчдэд худалдаа, аж үйлдвэрлэлийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хоёр талт гэрээ байгуулах боломжийг олгохгүй байна. Хувийн хөрөнгө оруулалт татахын тулд тодорхой шинэчлэлүүд шаардлагатай. Тэргүүн ээлжид хэрэгжүүлэх арга хэмжээнд дараах зүйлс багтана.
 
Үүнд: дамжуулах сүлжээний урт хугацааны төлөвлөгөөг нийтлэх, туршилтын дуудлага худалдааг эхлүүлэх тодорхой хуваарийг нийтэлж, дуудлага худалдааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, мөн авах-эсвэл-төлөх (take-or-pay), олон улсын арбитр, гэрээний нөхцөлийн ил тод байдал зэрэг нөхцөлүүдийг багтаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загварыг шинэчлэх, гуравдагч талд дамжуулах сүлжээнд нэвтрэх эрх олгох, эрчим хүчний бөөний худалдааны өрсөлдөөнт зах зээлд шилжиж эхлэх.
 
Санал болгож буй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний дотоод эх үүсвэрүүдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, нүүрстөрөгч ихээр ялгаруулдаг эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах боломжтой. Үр дүнд нь эдгээр хөрөнгө оруулалтууд 27 жилээр загварчлагдсан хугацаанд (2028-2054) нийт 5 сая тонн буюу жилийн 190,000 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг сэргийлж чадах тооцоололтой байна.
 
Саналд тусгасан шинэчлэлүүд нь нарны фотовольтайк, салхины эрчим хүч, эрчим хүч хуримтлуурын системд 230 сая ам.долларын дунд хугацааны хөрөнгө оруулалт татахад нэмэр болж чадна. Энэ нь 900 шууд, 400 шууд бус, хэрэглээний өсөлтөөр бий болох 400 ажлын байрыг бий болгож, нийтдээ 1,700 шинэ ажлын байр нэмэгдэх боломжтой юм.
 
Тус улс 700 гигаватт (ГВт) нарны, 400 ГВт салхины эрчим хүчний нөөцийн тооцоололтой байгаа нь одоогийн хэрэглээнээс ойролцоогоор 300 дахин өндөр дүн юм. Түүнчлэн, нөөцийн ихэнх нь хүн ам цөөн өмнөд бүсэд төвлөрдөг. Уг салбарт томоохон боломж байгаа хэдий ч хувийн хөрөнгө оруулалт төдийгүй хөрөнгө оруулалт ерөнхийдөө маш бага хийгдэж байна. 2024 онд тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувийг хуучирсан, өндөр бохирдол үүсгэн нүүрсээр ажиллагдаг дулааны цахилгаан станц (ДЦС)-ууд бүрдүүлсэн.
 
Нэмэгдсээр буй эрчим хүчний хомсдол нь бодлогын шинэчлэл шаардаж байна. Аж үйлдвэр, уул уурхайн салбарын эрэлт болон Улаанбаатар хотын өрхийн хэрэглээ өсөж, нийт цахилгаан эрчим хүчний эрэлт 2050 он гэхэд ойролцоогоор тав дахин нэмэгдэх төлөвтэй байна.76, 77 2024 оны нийт эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 25 хувийг БНХАУ болон ОХУ-аас импортолсон. Салбар нь нэг худалдан авагчтай зах зээлийн загвараар ажилладаг.
 
Системийн оператор буюу ДҮТ ТӨХХК нь цахилгаан эрчим хүчийг (ихэнх нь хувийн өмчит) үйлдвэрлэгчдээс тогтсон тарифаар худалдан авч, бүс нутгуудын түгээх компаниудад худалддаг. Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) нь энэхүү тогтолцоог хянаж, үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, нийлүүлэлт, мөн тариф, тусгай зөвшөөрөл олголт, эрчим хүчний үр ашигтай байдлыг зохицуулдаг. Нэг худалдан авагчтай зах зээлийн загвар нь системийн зохицуулалт, тарифын тогтвортой байдлыг хангах зориулалттай ч хоёр талт гэрээ байгуулах, зах зээлийн ханш бүрдэх нөхцөлийг хязгаарлаж, хувийн хөрөнгө оруулалтыг бууруулж байгаа юм.
 
Говийн бүсэд нар, салхины эрчим хүчний нөөц баялгийн ойролцоо уул уурхайн олборлолт явагддаг нь хөрөнгө оруулалтын том боломж юм. 2024 онд уул уурхайн олборлолт ба борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүд импорт болон дотоодын үйлдвэрлэлээс эх үүсвэртэй улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 56 орчим хувийг бүрдүүлсэн. Дотоодын нийлүүлэлт тогтворгүй эсвэл хангалтгүй байдаг тул уул уурхайн салбарын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээний 42 орчим хувийг бүрдүүлдэг. Оюу Толгой зэрэг томоохон компаниуд БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний импортоор хэрэглээгээ бараг бүрэн хангаж байна.
 
2025 онд сүлжээнд холбогдоогүй хэд хэдэн олборлолтын үйл ажиллагаа нь дизель түлшний үйлдвэрлэлээс бүрэн хамааралтай байна. Дараагийн 3-аас 10 жилийн дотор олон уул уурхайн төсөл ашиглалтад орох төлөвтэй байгаагаас харахад найдвартай, бага өртөгтэй цахилгаан эрчим хүчний эрэлт улам нэмэгдэхээр байна.
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.